Улаанбаатар хотын агаар, ус, хөрс, дуу чимээ, үнэрийн бохирдол нэн тулгамдсан асуудал болоод байгаатай холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасан Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторид ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа.
Тус лаборатори нь:
-
Агаарын чанарыг 13 автомат станцаар 6 үзүүлэлтээр
-
Гадаргын болон хаягдал бохир усны хяналт шинжилгээг сар бүр 8-17 цэгт 10-23 үзүүлэлтээр
-
Хөрсөн дэх хүнд металлыг 7 үзүүлэлтээр, агрохимийн шинж чанарыг 6 үзүүлэлтээр тодорхойлж байна.
Гэвч бохирдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, иж бүрэн тодорхойлох техник, багажийн чадавхи дутагдалтай байгааг лабораторийн удирдлагууд онцолж, тоног төхөөрөмж, хүний нөөцийн шинэчлэл хийх шаардлагатай байгааг уламжилжээ.
Энэ хүрээнд:
-
Засгийн газрын хуралдаанаар үнэрийн бохирдлыг тодорхойлох зориулалттай олон улсад хэрэглэгддэг үнэрт нүүрсустөрөгч тодорхойлогч багаж, тоног төхөөрөмжийг лабораторид нийлүүлэхээр шийдвэрлэжээ.
-
Мөн БНСУ-ын Эксим банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжиж буй “МОН-21” төслөөр шинжилгээний шинэ лабораторийн барилга барьж, агаар, ус, хөрсний бохирдлыг 100 гаруй үзүүлэлтээр тодорхойлох орчин үеийн чадавх бүрдүүлэхээр ажиллаж байна.
Эдгээр арга хэмжээ нь нийслэлийн байгаль орчны бохирдлыг нарийвчлан үнэлэх, шинжлэх ухаанч аргачлалд шилжих чухал алхам болж байна.
Эх сурвалж: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам.