Нийслэлийн хэмжээнд авто зогсоолын хүртээмж 40.1 хувьтай байгаа тул 90 байршилд гаднын франчайз үйлчилгээ бүхий зогсоол барихаар төлөвлөж байгааг Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр мэдээллээ. Тэрбээр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр хэлэхдээ, “Төвийн зургаан дүүрэгт нийт 1801 байршилд 113,356 автомашины зогсоол байгаа. Гэвч өдөр, шөнийн цагийн ачаалал харилцан адилгүй. Албан байгууллагуудын бүсэд өдрийн цагаар, орон сууцны бүсэд шөнийн цагаар, харин холимог бүсэд бүх цагт зогсоолын эрэлт их байна” гэв.
Жишээлбэл, Бага тойруу орчимд нэг жолооч зогсоол хайхдаа дунджаар 26 минут зарцуулж байгаа нь хүрэлцээ хомс байгааг илтгэж байна. Судалгаагаар нийслэлд нийт 199,676 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй бөгөөд эдгээрийн 80 мянгад л зогсоол бий. Иймд 119,676 автомашинд зориулсан нэмэлт зогсоол шаардлагатай хэмээн тооцоолжээ.
Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 120 мянгат орчимд 7000 автомашины багтаамжтай далд зогсоол барих зэрэг төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд франчайз загвараар баригдах зогсоолууд нь нийт хүртээмжийг 75 хувьд хүргэх боломжтой гэж үзэж байна.
Эх сурвалж: Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн.