Өнөөдрийн байдлаар Мьянмарт болсон хүчтэй газар хөдлөлттэй холбоотойгоор тус бүс нутагт амьдарч, ажиллаж буй монгол иргэдийн дунд амь насаа алдсан, эсвэл бэртэж гэмтсэн тохиолдол бүртгэгдээгүй талаар Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яам мэдээллээ.
Элчин сайдын яам газар хөдлөлтийн гамшгийн улмаас үүссэн нөхцөл байдлын хүрээнд Бангкок, Чон Бури, Пукет, Чианг Май болон Мьянмарын бүс нутагт ажиллаж, амьдарч буй нийт 91 иргэн, тэдний гэр бүлийнхэнтэй холбогдож, нөхцөл байдлын талаар мэдээлэл өгчээ. Мөн орон нутгийн захиргааны хэрэгжүүлж буй арга хэмжээ, газар хөдлөлтийн үед болон дараагаар анхаарах сэрэмжлүүлгийг цахим сувгаар дамжуулан хүргэсэн байна.
Түүнчлэн суугаа болон хавсран суугаа улсад байгаа монгол иргэдийг Элчин сайдын яамны бүртгэлд хамрагдаж, гамшгийн үед холбоо барих нөхцөлийг бүрдүүлэхийг уриалж байна.
Эх сурвалж: Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа ЭСЯ.