x

“Сэтгүүлч өөрөө ширээн дээрээс унасан” гэдэг худлаа шүү, Хууль зүйн сайд аа!

Одоогоос долоо хоногийн өмнө буюу өнгөрөгч даваа гаригт Улаанбаатарт нэг үйл явдал болсон оо доо. Сүхбаатарын талбайд болсон сэтгүүлчдийн жагсаалыг орой нь бүх телевизээр үзүүлсэн, соошлаар чадах ядахаараа сэвсэн учир үзээгүй, хэлэлцээгүй хүн үлдээгүй байх. Тэр үед цагдаагийн ар гэрийн холбоо нэрээр бас хэдэн хүн сэтгүүлчидтэй зэрэгцэн жагссан. Жагссан ч гэж дээ зогссон. Тэгэхэд нэг эр “Сэтгүүлч өөрөө ширээн дээрээс унасан, яг Баяраа шиг” гэсэн плакат бариад бидэнтэй зэрэгцээд зогсч байсныг санаж байна.

Дараа нь Хууль зүйн сайд Х.Нямбаатар Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр ”Сүүлийн жилүүдэд цагдаа иргэдийг хичирхийлдэг гэсэн ПиАр бодлого сайн явсны дүнд цагдаа сэтгүүлчийг талцуулж байгаа. Дөрөвдүгээр сарын 7-ны жагсаалын үеэр цагдаагийн хоёр албан хаагч гэмтсэн. Эзэн холбогдогч нь олдоогүй” гэж ярьсан. Тэгсэн хэрнээ тэр ПиАр бодлогыг явуулаад байгаа эзнийх нь нэрийг хэлээгүй. Бодоход өөртэй нь их ойр шадар хүмүүсээс байсан биз. Одоо тэгээд тэр хэвээр нь хаях маягтай.

Ер нь бол цагдаа, иргэн хоёрыг, цагдаа сэтгүүлч хоёрыг талцуулах ажиллагаа цагдаагаас өөрөөс нь, тэр дундаа цагдаагийн удирдах албан тушаалтнуудаас эхтэй гэдгийг Хууль зүйн сайд нь ядаж өөрөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгээд жагсаал цуглааны үеэр гэмтсэн цагдаа нараа тоолохын зэрэгцээ гэмтээсэн, хохироосон иргэдээ давхар тоолж явах учиртай л даа. Сайдын цохсон залуучуудын жагсаал, суултын үеэр гэхэд цагдаагийнхан зүв зүгээр байсан 69 хүнийг хүч хэрэглэн баривчилж авч явсан, цагдан хорьсон. Хар тамхи хэрэглэсэн байсан, согтуурсан танхайрсан гэж гүтгэсэн ч тэр нь нотлогдоогүй. Эцэст нь Ерөнхий сайд нь өөрөө уучлал гуйгаад өнгөрсөн шүү дээ.

Тэгэхээр энэ бүх хохирол, сүйтгэл юунаас болоод байна гэхээр цагдаагийн өөрийнх нь ааш авир, балмад байдал, мэргэжлийн бус хандлагаас үүдэлтэй. Тэр нь ихэнхдээ дээрээс өгөгдсөн үүрэг даалгавар, тушаалтай холбоотой байдаг. Сүүлд сэтгүүлчидтэй зэрэгцэж жагссан цагдаагийн ар гэрийнхэн ч гэсэн хэлж байна лээ. Тушаал биелүүлсэн цагдаа ямар буруутай юм бэ, яагаад ажлаас нь халав? гэж.

Яагаад гэвэл цагдаа үүргээ гүйцэтгэх явцдаа ямар арга техникээр, ямар хүрээнд ажиллах, ямар тохиолдолд бусдын биед халдах, юуг хориглох гэх мэт үйл ажиллагааг нь журамласан хууль байхгүй. Тушаал өглөө, гарлаа, тэгээд шууд хүчирхийлэгч болж хувирдаг. Тиймээс 2013 онд Х.Тэмүүжин Хууль зүйн сайд байхдаа цагдааг хүчирхийлэгч биш, хууль сахиулагч гэж нэрлээд Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулийг боловсруулж УИХ-д оруулж ирсэн. Тэр нь тухайн үед цагдаагийн удирдлагад ажиллаж байсан нөхдийн эсэргүүцэлтэй тулгарч, хууль тогтоох байгууллага дээр дэмжлэг авч чадалгүй буцаагдаж, 2016 оны сонгуулийн дараа МАН гарч ирээд Цагдаагийн албаны тухай нэртэй байгууллагын тухай хуулийг баталж гаргасан. Тэнд нь “Цагдаагийн алба хаагч дээд шатны цагдаагийн байгууллага, албан тушаалтны гаргасан хууль бус шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж, үндэслэлээ тайлбарлах эрхтэй” гэсэн ганцхан заалт бий. (Хуулийн 5 дугаар зүйл. Цагдаагийн албаны үйл ажиллагаа, удирдлагын зарчим) Тэгээд “хууль бус шийдвэр гэдэг нь юу билээ?” гээд хайгаад үзэхээр юу ч байхгүй.

Нэг ёсондоо хэрэгжих боломжгүй хууль гэсэн үг. Бүр тодорхой хэлбэл, цагдаагийн байгууллага, албан тушаалтны дур зоргыг хамгаалсан хууль болсон. Цагдаа иргэнтэй тулахдаа, аюулгүй байдлыг хангахдаа ямар дүрэм журам, хил хязгаарыг барих вэ гэдэг тухай юу ч байхгүй. Тэрнээс болоод цагдаа эргээд хууль сахиулагч биш, төрийн бороохой болж хувирсан байдаг юм. Төрийн юу байх вэ, тушаал өгдөг дарга нарын бороохой. (Тэрийгээ бас “төрийн цагдаа” энэ тэр гэж овойно) Тэгээд хохирол сүйтгэл гарахаар нь хамгийн түрүүнд нөгөө бороохойнуудаа зайлуулдаг. (ихэнхдээ бол өөр тийш нь томилоод явуулчихдаг) Тушаал өгсөн дарга нар ямар ч гэм зэмгүй өнгөрдөг. Ийм л системтэй болсон.

Гэтэл салбар толгойлсон сайд нь “Цагдаа өөрөө зодуулаад байна, эзэн холбогдогч нь олдохгүй байна” гээд сууж байдаг. Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль жишээ нь иргэдийг цагдаагийн хууль бус үйлдлээс хамгаалахаасаа гадна үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн албан хаагчдыг бас өөрийг нь хамгаалах зохицуулалттай хууль байсан юм шүү дээ. Ямар тохиолдолд цагдаа хүч хэрэглэж болох вэ, ямар арга хэрэгсэл ашиглах вэ гэдгийг нь заагаад өгчихсөн. Эргүүл хамгаалалтад гарч байгаа алба хаагчдыг нэг бүрчлэн энгэрийн камертэй болгох арга хэмжээ ч бас тэр үед авагдсан. Одоо гэтэл яаж байна, камераа унтрааж байгаад хүн зоддог, нөгөөх нь өрвөлзөөд босоод ирэнгүүт камераа асаачихдаг. Тэгээд тэр бичлэгээ цацдаг, яадаг ийдэг гэнэ үү? Чоно оо, чоно.

Үүнээс болоод цагдаа, иргэн хоёрын хооронд ангал үүсч, иргэд ч гэсэн цагдааг жигжих байдал руу явж байгаа нь үнэн. Үүнд цагдаагийн бие бүрэлдэхүүн нийтээрээ буруугүй, нэг хэсгийнх нь балдмад байдал нийт албан хаагчдын нэр хүндийг унагааж байгаа нь ч гэсэн үнэн. Гэхдээ хууль гэдэг зүйлийг хууль зөрчих зөрчимтгий хэсэгт нь зориулж хийдэг болохоос “нийтээрээ гайгүй дээ” гээд зөнд нь хаядаг юм биш. Хууль зүйн сайд хүн ядаж үүнийг мэддэг байх ёстой. Хууль сахиулагчид нь өөрсдөө хуульгүй давшиж байхад өөр хэнээс бид хуульт ёсыг нэхэх билээ?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэлнэ 15 цаг 8 мин Донорын тухай хуулийн хэрэгжилт, эрхтэн шилжүүлэн суулгах нөхцөл байдалтай танилцав 15 цаг 10 мин АНУ Коста-Рикагийн Ерөнхийлөгч асан О.Ариасын визийг цуцалжээ 15 цаг 11 мин Булган аймгийн гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд ОБЕГ онцгойлон анхаарч байна 15 цаг 12 мин Транс-Азийн төмөр замын сүлжээний цахим шинэчлэлд Монгол Улс нэгдэнэ 15 цаг 13 мин Төрийн өмчит төмөр замын компаниудыг нэгтгэхтэй холбоотойгоор ажилтнуудыг чөлөөлж, сонгон шалгаруулалтаар дахин томилно 15 цаг 13 мин Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аян орон даяар эхэллээ 15 цаг 14 мин УРАН ба “УРАН” ХОРЛОЛ 20 цаг 11 мин Марин Ле Пенд дөрвөн жилийн хорих ял оноож, 2027 оны сонгуульд оролцох эрхийг нь хаслаа 20 цаг 25 мин Малайзад хийн хоолой дэлбэрч, 100 гаруй хүн бэртжээ 20 цаг 27 мин Украин 3.5 тэрбум еврогийн гурав дахь багц тусламжийг хүлээн авлаа 20 цаг 29 мин БНСУ-д улс төрийн нөхцөл байдал хурцдаж, шүүх хурал болох өдөр 20 мянган цагдаа ажиллана 20 цаг 30 мин Овечкин NHL-ийн гоолын дээд амжилтад 4 шайбын зайтай боллоо 20 цаг 31 мин Сенатч Кори Букер 25 цаг 4 минутын турш үг хэлж, Сенатын түүхэнд хамгийн урт илтгэл тавьлаа 20 цаг 32 мин Германы Ерөнхийлөгчийн алба Уулын Карабахын далбаатай холбоотой асуудлаар Азербайжанаас уучлалт хүсжээ 20 цаг 34 мин “Реал Мадрид” Испанийн цомын финалд шалгарлаа 20 цаг 35 мин Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв 20 цаг 36 мин Шүүх: Усны онцгой хамгаалалтын бүстэй давхацсан газрыг захиргаа хэсэгчлэн шийдвэрлэх үүрэгтэй 20 цаг 38 мин Гэр хорооллын замын нөхцөлд хийсэн судалгаагаар 396 эмзэг байршил илэрчээ 20 цаг 40 мин “UB food” фестиваль Сүхбаатарын талбайд болно 20 цаг 41 мин
iИх уншсан
ХӨДӨЛМӨР ба ЗАЛХУУРАЛ Б.Жаргалан: О.Алтангэрэл сайд АН-аас сонгогдсон учраас намын... “Тендерийн” нэртэй “ялтай” хуулийг өөрчлөх нь... Эрүүл мэндийн тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ? О.Номинчимэг: Татварын хувийг хөдөлгөхөөс илүү бааз сууриа т... АНУ-д үйлдвэрлээгүй бүх авто машинд 25 хувийн татвар ногдуул... Ц.Раднаа хошой алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүл... Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг ААШТ-д оролцохоор С... Украины зэвсэгт хүчний хохирол саяд хүрсэн үү? Барууны шинжэ... Данид эмэгтэйчүүдийг заавал цэргийн алба хаалгахаар шийдвэрл... ИТХ-ын нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт цахимаар ... Ангараг гарагтай холбоотой солирыг Японы Дэлхийн экспод дэлг... Л.Гантөмөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайдтай уулзаж, г... Армени улс Европын Холбоонд элсэх үйл явцыг албан ёсоор эхлү... Украины армийн хохирлын талаарх шинэ тооцоо, шинжээчдийн лог... Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх тайланг УИХ-д танилцууллаа... Монголын говиос хоёр хуруутай шинэ үлэг гүрвэл олдлоо Суданы арми нийслэл Хартумыг дахин хяналтдаа авч, Ерөнхийлөг... Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024 оны гүйцэтгэл... “Ирээдүйн мистер-2025” тэмцээн энэ сарын 29-нд болно
Top