УИХ-ын гишүүн Г.Амартүвшин зүв зүгээр байж байгаад гэв гэнэт хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. УИХ-ын даргад. Ийм нөхцөлд УИХ түүний өргөдлийг хэлэлцээд, хүсэлтийг нь хангахаас өөр аргагүйд хүрдэг. Хуулиараа тийм.
Яг үнэндээ “огт зүв зүгээр байж байгаад” гэвэл бас хилс болно. Өөрийнх нь хийсэн мэдэгдлээс үзвэл өнгөрөгч долоо хоногт жанжин Сүхийн талбайд үргэлжилсэн “залуучуудын суулт, жагсаалын шаардлагыг хүлээж авсан учраас” гэж харж болохоор. Уг мэдэгдэлдээ “Хөгжлийн банкны зээлийн асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээсээ түдгэлзэж, иргэний хувиар шалгуулахыг уриалж байна. УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхийг байхгүй болгохыг дэмжиж байна. Засгийн газар залуучуудынхаа шаардлагыг төрийн бүх шатанд ажил хэрэг болгож, эрх тэгш шударга нийгмиййг цогцлоохын төлөө ажиллана гэдэгт итгэж байна” гэсэн билээ.
Мэдэгдлийн дор мэдээж “Залууст зөв үлгэр дуурайлал үзүүлж байна, мундаг байна, бусад нь ч гэсэн үлгэр аваасай. Араас нь Г.Дамдинням, Х.Ганхуяг нар бас гишүүнээсээ татгалзаад шалгуулах хэрэгтэй” гэсэн сэтгэгдлүүд хөврөөстэй.
Өнгөц харвал тийм. Үнэн бол бүр илүү сайн. Гэхдээ өөр нэг учир шалтгаан бас байх шиг байна аа. Ер нь бол, Хөгжлийн банкны асуудалд холбоотой, хөндлөнгөөс нөлөөлсөн хорь гаруй улстөрч, УИХ-ын гишүүд бий гэж хуулийнхан мэдээлсэн. Дараа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө “хорин хэдэн гишүүнээр тогтохгүй шүү” гэж бас анхааруулсан. Тэгэхээр тэр “хорин хэдээр тогтохгүй” хүмүүсийн дотроос яагаад Г.Амартүвшин ганцаараа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бэ? Бусадтайгаа хамт бүрэн эрхээ түдгэлзүүлээд шалгуулж болоогүй юу? Тэгсэн тэгээгүй УЕП-оос удахгүй оруулж ирэх УИХ-ын гишүүдийн нэрс сонсогдоод эхэлчихсэн шүү дээ.
Гэвч тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлээд шалгасаар байтал бараг 2024 оны сонгууль хүргэнэ. Аягүй бол заримынх нь хэрэг "хэрэг биш" болоод цагаадаад, буцаад УИХ-д орж ирнэ. Гэтэл зарим нэг хүнд түүнийг хүлээж суух хугацаа байхгүй болсон юм шиг байна. Товчхондоо Хан-Уул дүүрэг дээр УИХ-ын нэг суудал онгойлоо, удахгүй нөхөн сонгууль болно оо гэсэн үг.
Гэтэл энэ нөхөн сонгууль хэнд хэрэгтэй вэ? МАН-д уу? Мэдээж үгүй. Харин өөрийгөө АН-ын даргаар сонгоод, томилоод, одоо УДШ рүү бичиг шидээд яваад байгаа нэг хүнд хамгийн их хэрэгтэй. Шууд хэлэхэд, Ерөнхийлөгч асан Х.Баттулгад. Түүнд нь саяхан болтол зөвлөхөөрөө ажиллуулж байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тусалж байгаа юм байх. Хан-Уул бол Х.Баттулгын тоосгүй сугарч гарч ирэх ганц тойрог. Яармагийн унаган хүүхэд шүү дээ.
Сануулахад, түүний нэр дээр нээгээд мартсан, хаасан маш олон хэргүүд АТГ, прокурорын байгууллагад бий. Өмнө Н.Алтанхуягийн Засгийн газрын үед 280 сая доллар шороонд булсан төмөр замын хэргээс эхлээд... Саяхан бас Хөгжлийн банктай холбоотой дахиад хэрэг нээчих шиг боллоо. Ерөнхийдөө Х.Баттулга гэдэг хүн хуулийн асуудал дээр хамгаалалтгүй үлдсэн гэсэн үг. Ядаж сая намын даргад нэр дэвшинэ гээд зөвлөхийнхөө ажлыг өгчихсөн. Дээр нь одоогийн Ерөнхийлөгчтэй үүсгэсэн сайн харилцаа ч "капут" болсон юм шиг байна. У.Хүрэлсүх нь “Асуудлаа наагуураа шийд, надад хамаагүй” гэжээ. “Наагуураа” гэдэг нь “хуулиараа” гэсэн үг байх л даа.
Ийм тийм шалтгаанаар Х.Баттулга гэдэг хүн УИХ-д орж ирэх яаралтай шаардлага үүсээд байгаа юм байна. Нэгэнт ороод ирвэл гишүүний бүрэн эрхээр халхавчлаад ямар ч пиар хийж чадах потенциальтай хүн шүү дээ. Хэрвээ Ерөнхийлөгчийг ганцхан удаа сонгох Үндсэн хуулийн өөрчлөлт байгаагүй бол, хэрэв АН С.Эрдэнийг биш, Х.Баттулгыг нэр дэвшүүлсэн бол У.Хүрэлсүх гэдэг хүн өнөөдөр МАН-ын дарга хэвээрээ байж байх ч байсан билүү, хэн мэдлээ.
Тийм болохоор энэ хүн өөрийгөө УИХ-д суух зүй ёсны эрхтэй гэж бодох нэг хэрэг. Харин түүний энэ хүслийг хэн хангаж өгч байгаа хүн нь МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ гэдэг бас өөр хэрэг. Харамсалтай нь ганц МАН гэлтгүй манай улс төрийн намуудад “олдохоороо өлдөх” гэж нэг зовлон бий. Хэдий олон суудал авна, хэдий их эрх мэдэлд хүрнэ, тэр хэмжээгээрөө өлөн болдог, эрх мэдлээ чамладаг, булаалддаг. Арай өөрөөр, илүү цэвэрхнээр хэлбэл “Ерөнхийлөгчтэй намын зовлон” ч гэдэг. МАН-д энэ зовлонг амтлахын тулд 65-72 суудал хэрэгтэй байхад АН-д 38-хан суудал хангалттай байсан гээд бод доо. 2012-2016 онд ганцхан удаа засагласан АН яаж шүү нурж уналаа даа.
Товчхондоо бол Ерөнхий сайд маань Ерөнхийлөгчөөсөө зай барих, нам доторх хүчийг нь сулруулахаар ажиллаж эхэлсэн бололтой. Үүний тулд УИХ дотор тойргийнхоо сонгогчдыг биш, У.Хүрэлсүхийг “төлөөлж” суудаг нөхдийн тоог цөөлөх, нэг нэгээр нь сугалахаар төлөвлөжээ. Х.Баттулгад хайртайдаа ч биш.
Г.Амартүвшин гишүүний мэдэгдэлдээ хэлсэн “Засгийн газар залуучуудынхаа шаардлагыг төрийн бүх шатанд ажил хэрэг болгож, эрх тэгш шударга нийгмийг цогцлоохын төлөө ажиллана гэдэгт итгэж байна” гэдэг нь үндсэндээ “Оюун-Эрдэнэ ээ, харна аа чамайг” гэж байгаа юм шиг л сонсогдож байна. (Сайн дураараа хүсэлтээ өгсөн хүн лав ингэж хэлэхгүй) "Төрийн бүх шат" гэдэг маань нөгөө хууль, шүүхийнхнээ хэлж байгаа юм шүү дээ. Түүнээс биш “ЗДТГ-ын жижүүрээсээ эхлээд бүгдээрээ авилгагүй болъё” гэж байгаа юм биш.
Араас нь Н.Учрал, С.Бямбацогт гээд хөврөх байх юм шиг байна. С.Бямбацогт гэдэг хүн 2019 онд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байхад дүүгийнхээ компаниар Хөгжлийн банкнаас зээл авсан, Ховд аймагт Цементийн үйлдвэр байгуулсан л гэсэн. Улаанбаатараас Ховд руу зөөсөн цемент хоёр дахин өндөр үнэтэй, үүнээсээ болоод алслагдсан аймгуудад барилгын өртөг хоёр дахин нэмэгддэг. Энэ шалтгаанаар аймагтаа баруун бүсийг барилгын материалаар хангах үйлдвэр байгуулжээ. Зээлийнх нь эргэн төлөлтийн хугацаа болоогүй, хүүгээ төлөөд явж байгаа боловч яагаад ч юм Хөгжлийн банкны “хар жагсаалт”-ад орчихсон яваа. Сүүлд “Их засаг” их сургууль дээр багш нь оюутнаа алгадсан хэргийг Н.Учралтай холбоод “УИХ-ын гишүүн байх ёс суртахуунгүй” тухай сэвээд эхэлсэн байна лээ. Саяхнаас УИХ-ын дарга Г.Занданшатарыг суудлаас нь буулгах тухай яриа бас соошлаар яваад байгаа. Ард нь хэн байгааг таамаглахад хэцүү биш.
Гэвч цөөн хүнийг УИХ-аас шахаж гаргаснаар Л.Оюун-Эрдэнийн эрх мэдэл ханахгүй бололтой. Бүр тодорхой хэлбэл, шүүх эрх мэдлийг Ерөнхийлөгчөөс холдуулах, өөртөө авах тухай улс төрийн маш цөөн хүрээнд хэлэлцжээ. Үндсэн хуулиараа шүүх эрх мэдэл хараат бус, бие даасан гэдэг боловч шүүгчийг томилох, чөлөөлөх эрх нь Ерөнхийлөгчид бий. Энэ байдал Ерөнхий сайдад таалагдахгүй байгаа бололтой.
Ингээд МАН дотроо М.Энхболдын, У.Хүрэлсүхийн гэдэг хоёр бүлэглэл байснаа одоо Л.Оюун-Эрдэнийн гэдэг гурав дахь бүлэг гарч ирж байгаа юм байна. Олуулаа байхын зовлон юм даа.
Б.СЭМҮҮН