Сар шинийн өмнө УИХ ээлжит бусаар хуралдаж, 2022 оны төсөвт тодотгол хийв. Төсвийн тодотголоор ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлж, тэтгэврийн доод хэмжээг 500 мянга болгоод үүнд зориулж 637 тэрбум төгрөгийн санхүүжилт баталжлаа. 2022 оны хоёрдугаар сарын 1-нээс
-197.1 мянган хүний тэтгэвэр 50 мянгаас дээш төгрөгөөр
-72.3 мянган хүний тэтгэвэр 100 мянган төгрөгөөр
-200 мянган хүний тэтгэвэр 150 мянган төгрөгөөр нэмэгдлээ. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагийн мэдэгдсэнээр дундаж тэтгэврийн хэмжээ 29.7 хувиар нэмэгдэж, 548.4 мянган төгрөгт хүрсэн байна.
Хэрвээ төсөвт нэмэгдсэн 637 тэрбум төгрөгийг тэтгэвэр авагч нартаа хуваавал нэг хүнд жилд сая 360 мянган төгрөг ногдож байна. Сард ойролцоогоор 120 мянган төгрөг. Өөрөөр хэлбэл тэтгэврийн нэмэгдлийн дундаж хэмжээ. Үндсэн тэтгэврийн хэмжээнээс шалтгаалж нэмэгдлийн хэмжээ дээш, доош хэлбэлзэнэ гэсэн үг.
2021 оны арванхоёрдугаар сарын мэдээгээр нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг 458.7 мянган иргэний 271 мянга нь тэтгэврийн доод хэмжээгээр /бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350.000 төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300.000төгрөг/ тэтгэвэр авч байв. Бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийг 400.000 болгож нэмэгдүүлсэн гэвэл тэтгэврийн нэмэгдлийн талаас илүү хувь нь тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэхэд зарцуулагдсан байна. Өмнөх Засгийн газруудын хувьд тэтгэврийн доод хэмжээг нэмэх бүртээ нийт тэтгэврийг шатлан нэмэгдүүлдэг байсан ч энэ удаад арай өөр байлаа. Тэтгэврийн дундаж 29,7 хувиар нэмэгдэж, 548 мянган төгрөгт хүрсэн гэж байгаа ч тэр нь дундаж хэсэгтээ үр нөлөөтэй болсонгүй ээ гэсэн үг.
Үүнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа УИХ-ын чуулган дээр гишүүдийн асуултад хариулснаас харж болно.
-350 мянган төгрөгийн тэтгэвэр хэд болж нэмэгдэх вэ?
-500 мянга.
-440 мянган төгрөгийн тэтгэвэр хэд болох вэ?
-500 мянга.
-Тэгвэл 500 мянган төгрөгийн тэтгэвэр?
-575 мянга...
Нэг ёсондоо Засгийн газарт тэтгэврийн доод хэмжээг 500 мянгад хүргэх нь чухал байснаас хэнийхийг нь хэдэн хувиар нэмэх вэ гэдэг дээр ямар ч бодлого, тооцоолол байсангүй. 500 мянгаас дээш тэтгэвэртэй бүх хүмүүсийг “инфляцитай уялдуулсан” гээд 15 хувиар нэмсэнээс 500 мянган төгрөгийн тэтгэвэр 75 мянгаар, сая 500 мянгын тэтгэвэр 225 мянгаар, хоёр сая 500 мянгын тэтгэвэр 375 мянгаар нэмэгджээ. Ихэд нь ихийг, багад нь багыг гэдэг зарчмаар явчихсан. Үүнээс өмнөх бүхий л Засгийн газрууд тэтгэврийн дээд, доод хэмжээг аль болох ойртуулах, орлогын ялгааг бууруулах бодлого барьж байснаас улам холдуудах бодлого барьж байсан удаагүй.
Жишээ нь, сүүлийн нэмэгдлээр тэтгэврийн доод хэмжээ буюу 350 мянгын тэтгэвэртэй байсан иргэн 43 хувийн нэмэгдлээр 500.000 төгрөгийн тэтгэвэр авч байхад тэтгэврийн дундажаас арай илүү буюу 440.000 төгрөгийн тэтгэвэртэй байсан хүний тэтгэвэр 13 хувиар нэмэгдээд тэтгэврийн доод хэмжээ рүү шууд гулсчихлаа. Үүнийг л чанарын хорогдол гээд байгаа юм. Нөгөө талаар ялгаварлал ч гэж болно. Тийм учраас иргэдийн дунд “Ажил хийсний ялгаа алга. Хийгээгүй нь дээр юм байна” гэсэн гомдол, шүүмжлэл яваад байгаа хэрэг.
Тийм учраас өмнөх Засгийн газрууд тэтгэврийн дээд, доод хэмжээг аль болох ойртуулахын тулд тэтгэврийг нэмэхдээ доод тэтгэврийг 20 хувиар нэмсэн бол дундаж тэтгэврээ 10 хувь, дээд тэтгэврээ 5 хувь гэх мэт шаталсан хэлбэрээр нэмэгдүүлдэг, НДШ төлсөн хүмүүсээ аль болох хохироохгүй байх бодлого барьдаг байлаа. Харин энэ Засгийн газрын хувьд тэтгэврийг хавтгайруулан нэмсэн, хавтгайруулан тэгшитгэсэн нь тэтгэвэр авагчдын дунд дахиад л тэгш бус байдлыг үүсгэв. Дутуу харсан, дутуу бодсон, сэтгэлийн хөдөлгөөнөөр тооцоо судалгаагүй хийсэн үйлдэл болгон ийм үр дүнд хүргэдэг.
Ядаж л бүрэн тэтгэврийн доод хэмжээг 43 хувиар нэмсэн хэрнээ тэтгэврийн дунджаас арай илүү буюу 440 мянган төгрөгийн тэтгэврийг 13,6 хувиар нэмжээ. Гэтэл түүнээс арай илүү буюу 500 мянгаас дээш тэтгэврийг 15 хувиар нэмсэн байх жишээтэй. Энд ямар нэг логик, эрэмбэ дараалал, учир шалтгаан байна уу?
Тэтгэвэр нэмэгдсэний дараа "Ерөнхийлөгч санаачилсан юм шүү" гэдэг пиар баахан явсан. Уг нь бол Тэтгэврийн доод хэмжээг 500 мянга болгох тухай хуулийн төсөл аль хоёр жилийн өмнө /2020 оны нэгдүгээр сард/ У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байхад өргөн баригдсан төсөл шүү дээ. Өргөн баригдсанаас хойш бүхэл бүтэн хоёр жил өнгөрчихөөд байхад УИХ, Засгийн газар яг юу бодож боловсруулсан юм бэ?
Б.СЭМҮҮН
Сэтгэгдэл (3)