x

Д.Сосорбарам: Улстөрчдийн хормойд шургаж амьдрахаар урлаг яаж хөгжих юм бэ?

Монголын тайз, дэлгэцийн тод од, 90-ээд оны Монголын хошин урлагийн мастеруудын нэг, Р.Чойномын нэрэмжит нэг хүний "Од" театрын жүжигчин, Төрийн соёлхолт, МУГЖ Д.Сосорбарамтай ярилцлаа. Таалан уншина уу.

-Шинээр байгуулагдсан Соёлын яам, Соёлын сайдын ажил өмч нийгэмлэхээр эхэлж байх шиг байна. “Ард” кино театрыг төрд хураана гэж мэдэгдсэн. Тантай энэ тухай ер нь ярьсан уу?

-Би өөрөө ярьсан. Та нар авах гэж байгаа бол ав аа. Би бол мөнгөө төлөөд хууль журмынх нь дагуу авсан, хөрөнгө оруулалт хийсэн. Тэрийг нь өнөөдрийнх нь ханшаар төлөөрэй. Би зүгээр аваагүй шүү гэдгээ л хэлсэн. Одоо нэгэнтээ тэгж байгаа бол үнэгүй өгсөн орон сууцуудаа, малчдад өгсөн малаа, иргэдээ гадагш явахыг нь болиулаад гадаад паспортыг нь ч гэсэн хурааж авах юм байгаа биз. Хувьчилсан бүх өмч, Мах комбинат, “Милл хаус” гурилын үйлдвэр, өөр юу байна? Дарга нарын өөрсдийнхөө авсан өмч хөрөнгийг ч гэсэн бүгдийг нь хураалгах юм байгаа биз.

-“Ард” кино театрыг та тухайн үед хэр их үнээр авсан юм бэ? Хэр их хөрөнгө оруулалт хийсэн?

-МАХН үнэмлэхүй олонхи байхад 2005 онд худалдах, худалдан авах гэрээгээр хувьчилж авсан. Нийслэлийн ИТХ хуралдаж шийдвэр гаргаад, 400 орчим сая төгрөгөөр авсан байх. Дээр нь 97 сая төгрөгийн өрийг нь төлсөн. Банкнаас зээл авч хөрөнгө оруулалт хийгээд, дотор нь ажиллаж байсан Бинго тоглоомын газар энэ тэрийг гаргаад, хүнд хэрэгтэй соёлтой үйлчилгээ явуулдаг банк оруулсан. АНОД банк манай байрыг түрээслэхдээ засвар хийсэн. Тэр засварынх нь мөнгийг манайх түрээсээсээ суулгаад явж байсан. Бүх юм хууль номынхоо дагуу, баримттайгаа байгаа. Өөрийнхөө уран бүтээл явуулдаг ганц заалаа л авч үлдсэн. Кино гаргахаас бусад уран бүтээлийн үйл явц явж байгаа. Кино гаргадаг аппаратур, янз бүрийн юм нь бол намайг авахаас өмнө элэгдэл хорогдолд ороод, тоногдоод дууссан юм билээ. Би бол хоосон байшин л худалдаж авсан хүн.

-Театр хувьчлагдсаны дараа ч гэсэн нэлээд урт хугацааны шүүхийн маргаан явсан гэсэн. Тэр нь юунаас болсон юм бэ?

-Дэлхийн хэмжээний театр барья гээд гадна дотныхноос хөрөнгө босгоод төсөл боловсруулаад яг барихдаа тулахад шүүхэд маргаан үүссэн. Бараг арваад жил хэрээс тавьчихлаа. Тэр хавийнх нь улсууд дургүйцсэн хэрэг л дээ. Бас нэг жаахан улс төрийн сэжүүр орсон юм байгаа биз дээ. Тэгээд тэр шүүх мүүхийнх нь асуудлыг ч гэсэн одоо зогсоосон. Би өөрөө зогсоосон.

-Хэр их хөрөнгө оруулалт хийгдэхээр байсан бэ? Ямар асуудлаар шүүхэдсэн юм бол?

-Доод тал нь 60 сая долларын төсөл байсан. Хөрөнгө оруулагч маань хөрөнгөө босгочихсон байсан. Тэгээд зогссон доо. Нэгэнт бариулахгүй гээд шүүхэд өгөөд байгаа юм чинь. Гэр орныг нь харанхуйлчих юм гэсэн. Өөрсдийнхөө амьдарч байгаа байрны хормойг цөмлөөд ресторан, юм хум барьчихсан хэрнээ дэлхийн хэмжээний театр барьж болдоггүй л юм байна. Бас нэг жаахан улс төрийн сэжүүр орсон байх аа. Хөрөнгө оруулагч тал маань ч гэсэн манай улс төрийн нөхцөл байдалд дургүйцсэн, болгоомжилсон биз.

Одоо Соёлын яам шалгана л гэж байна. Би шалгуулна, бүх юмаа үзүүлье. Үнэхээр хулгай, луйвар хийчихсэн бол авдаг юм байгаа биз. Үгүй бол нэг талдаа гарга аа гэж хэлсэн. Өмнө нь АТГ-аар хүртэл шалгуулаад дуусчихсан юм, уг нь.

-АТГ яагаад шалгадаг юм?

-Хөрөнгө оруулагчтайгаа гэрээгээ хийгээд, архитектортайгаа гарын үсэг зурахаар болоод, хотоор яваад бүх зөвшөөрлийг нь авсны дараа нь ард иргэдээсээ асуудаг юм байна. Энд ийм барилга барихаар боллоо шүү гэж. Тэгсэн шүүхэд ажиллаж байсан гэсэн байх аа, нэг хүн толгойлоод “Бидний эрхийг зөрчиж байна” гээд шүүхэд өгөөд би гурван шатны шүүхээр ялсан. Гэтэл нөгөө хүн маань их л раанк өндөртэй хүн байсан юм шиг байна лээ. Дээд шүүхээс анхан шатны шүүх рүүгээ буцаагаад “дахиж шалга” гээд АТГ луу явуулсан. АТГ шалгаад “хууль зөрчөөгүй, ашиг сонирхлын зөрчилгүй байна аа” гээд буцаасан. Хоёр дахь удаагаа яваад дахиад Дээд шүүх дээр очсон. Дээд шүүх нь дахиад буцаасан. Үнэхээр Монголд сүүлийн хориод жил яригдаагүй том төсөл байсан. Их л ганган театр барина даа гэж бодож байсан. Тоног төхөөрөмж, бүх юмыг нь ярьчихсан, яг ажил хийдгийн даваан дээр зогсоочихож байгаа юм  л даа.

-Тэгвэл төрд авах тухай асуудал тэр шүүхийн асуудалтай огт хамаагүй юм биш үү? Одоо ч тэгээд авна л гэвэл авчихдаг болсон юм шиг байна л даа...

-Хулгай хийж авсан л гэж цоллоод байна, нөгөө трроллууд нь байх л даа. Хаанаас ч олсон юм нэг нүдний шилтэй хүний зураг тавьчихсан, “Солонгос хүнд зараад хил даваад зугтах гэж байгаа юм гэнээ” л гэсэн тийм пиар, сурталчилгаа явуулаад байна лээ.

Энэ коммунистууд чинь хүний тархи, сэтгэл зүйг эртнээс бэлддэг юм байна. 1990 оны үйл явдлыг тэр чигээр нь үнэ цэнэгүй зүйл байсан гэж итгүүлэхийн тулд их холоос ажилладаг юм байна. Хорон муухай, худал мэдээллээр тархийг нь буртаглаад, бохирдуулаад байхаар нэгэнт тархи нь буртаглагдсан хүмүүс чинь адгууснаас дор авиртай болж байна шүү дээ. “Эд нар бол хулгайч юм байна, алья талья. Энэ 30 жил Монгол Улс хамгийн муухай байсан, адгийн улс болсон. 1990 онд коммунист дэглэмийг халсан хүмүүс чинь бүгд хүний адаг юм байна” гэж ойлгож байна шүү дээ. Гадна харагдах байдал, хэлбэр дүрсээр нь хүртэл гоочилж, “хүзүүгүй”, “толгойгүй”, “салга далий”, “эрлийз хурлийз” гээд байхаар ард түмэн гэдэг хар масс нь түүнд нь автдаг юм байна. Хүн болгон паранойтой. Тэр паранойг нь туйлшруулаад байхаар яахаас ч буцахаа болиод адгуус, малын хэмжээний инстинкттэй болж байна шүү дээ. Энэ хүмүүсийг ийм болгох пропагандаг энэ улстөрчид л хийж байна.

-Жилийн өмнө “Цагаан суварга”-ыг төрд авар тэр үеэс л хүмүүс “төр өмчөө мэдэх ёстой”, “ард түмний өмчийг ард түмэнд нь өгч байна” гэх мэтийн эрх баригчдын суртал ухуулгад автаад эхэлсэн шүү дээ?

-Тэр муу хэлэгдээд байгаа МАК, “Ачит эх” компаниудыг би өөрөө очиж нүдээр үзсэн. Яачихсан болоод ингэж муу хэлэгдээд байгаа юм гэж. Төрийнхний авна гээд байгаа “Цагаан суварга”-ыг хүртэл очиж үзсэн. Монголд дэлхийн хэмжээний стандартыг авчирч байгаа бизнесмэнүүд нь их л үсрээд гарын 10 хуруунд багтана. Тэр нь тэгээд ямар буруу болчихоод байгаа юм. Чаддаг хүмүүс нь хийж байхад нь төр гай болохгүй шиг татвараа аваад, хажуугаас нь хатгаж жөтгөдгөө л больчих хэрэгтэй л дээ. Бизнесийн өөрийнх явдаг зам, соёлоор явуулах юм бол ажлын байр хар аяндаа нэмэгдэнэ. Өнөөдөр төр “ажлын байр нэмнэ” л гээд байна. Түүн шиг худлаа юм байхгүй. Эд нар авах юм бол бүр дампууруулна. Өчигдөрхөн зурагтаар ярьж байна лээ. 500 гаруй төрийн өмч байна, түүнийх нь 450 гаруй нь ашиггүй ажилладаг гэж. Төрд өмч байгаа цагт хэзээ ч ашигтай ажиллахгүй. Дандаа алдагдал, авилгал, албан тушаалын наймаа. Ийм л зам руу ордог биз дээ.

-Гэхдээ энэ их уруудал, ухралтууд юунаас болсон гэж та бодож байна. У.Хүрэлсүх, Х.Баттулга гэдэг хоёрхон хүн ийм болгож чадах уу?

-Тогтолцоо нь өөрөө буруу байгаа учраас хэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байхаас үл хамаараад хаашаа ч гулсаж мэдэхээр байна. Тогтолцоогоо өөрчлилнө гэдэг маань нөгөө хүний эрх, эрх чөлөө, үнэ цэнийг дээдэлсэн, хувийн өмчийг хамгаалсан төр, тийм сэтгэлгээний, хууль, шүүхийн тухай юм. Капитализм гэдэг чинь буруу, муу юм байна гэж манайхан яриад байгаа. Тэр огт худлаа, Монголд капитализм байхгүй. Нарийн яривал УИХ-ын гишүүд, төрийнхөн өөрсдөө мэдээлэлд ойр байгаагаа ашиглаж хамаг бохир, муу юмыг хийж байна, хамаг баялгийг хамж байна. Тэрний ард бизнесийг нь авч явдаг тэжээврүүд байна, тендерийг болгоныг булааж, дээрэмдэж байна. Тийм л дээрэмчин төртэй болчихоод байна шүү лээ. Түүнийгээ капитализм гэж нэрлээд, капитализмд бурууг өгөх гэж байгаа бол тийм юм байхгүй. Хуулиар хүртэл тонуул хийж байна шүү дээ. Ийм капитализм гэж байхгүй. Манайд байтугай дэлхийд 100 хувь капитализм бий болоогүй. Америк, Англид бол капитализмын суурь, багана нь бий.

21 насандаа Америкт дүрвэж гарсан Айн Рэнд гэж эмэгтэйн улс төр, эдийн засаг, философийн судалгаануудыг би бүгдийг үзсэн, уншсан. Төрийн зохицуулалт, оролцоо, төлөвлөлт, хяналт, удирдлага гэдэг юмыг ор тас байхгүй болгоод, төрийн энэ данхайсан бүтцийг нураагаад, маш цомхон, чадварлаг төртэй, өөртөө итгэлтэй, өөрийнхөө үнэ цэнийг мэддэг, хэний ч хармаанд ордоггүй, мэдлэг боловсролтой хүмүүсийг төрд, төрийн инситуцүүдэд ажилладаг болсон цагт Монголд капитализм бий болно. Манайд бол маш хурдан бий болчих боломж харагдаад байгаа юм.

Нөгөө талаар төрд нэг ч өмч байж болохгүй. Төр өмчтэй байхаараа л бүх юм нурдаг, авилгал, хээл хахууль гаардаг. Бизнесүүд өндөр ашигтай ажиллаж байж тэр ашгийнх нь үр дүнд хэрэглэгчид цулайдаг, улс орон хөгждөг байхгүй юу. Хэрэглэгч, нийлүүлэгч хоёр нэгдээд ажиллахаар бизнес аяндаа хөгждөг, үнэ өөрөө тогтдог, цалин орлого өсдөг. Ийм жам ёсны юм руу орж байж манайд капитализм бий болно. ЖДҮ гэмт хэрэг, концесс, тендер завших чинь капитализм биш шүү дээ. Хүмүүс тэгж хараад, жигшээд байна. Тийм биш. Хүн өөрөө өөрийгөө авч явахыг капитализм гэж байгаа юм, төрийн ямар ч оролцоогүйгээр. Төрд шургалаад, давуу эрхээ ашиглаад өөрийнхөө бизнесийг зузаалдаг чинь бол зүгээр л паразит шүү дээ. Хүнд ямар эрх ашиг, хүсэл сонирхол байна, түүнийхээ төлөө чөлөөтэй ажиллаж болдог тийм чөлөөт өрсөлдөөн, чөлөөт зах зээлийг жинхэнэ капитализм гэдэг. Хоёр хүний хооронд маргаан дэгдлээ гэхэд буруутайд нь хууль хатуу, зөвд нь зөөлөн байхад л болчихно. Тэгээд шүүх, прокурор нь хараат бус.

-Одоо ч манайд хараат бус шүүхийн тухай мөрөөдөх ч аргагүй болсон л доо. Та ч өөрөө гадарлах биз?

-Одоо Монгол Улсад хараат бус шүүх байтгай парламент гэж юм байхгүй болсон. УИХ нь гэж Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтайгаа булаалдсан, дүүжлүүрт байгаа хэдэн хүүхэлдэйнүүд. ҮАБЗ гэж Үндсэн хуулиас дээгүүр эрх мэдэлтэй, ҮХЦ-ийг баздаг газар гараад ирлээ. Үндсэн хуулийг хүртэл дуртай цагтаа бусармаглаж байна. Шүүхийг өөрийнхөө гарт авчихлаа. Шүүгчид ч гэж шүүгчид, гөлөгнөөд л, боол нь болоод явж байна. Тэгэхээр энэ чинь тогтолцоондоо байна. Төрд өмч байсан цагт энэ авилга, хээл хахууль, улс төрийн янхандалт хэзээ ч дуусахгүй. Бизнесийн, улс төрийн, эдийн засгийн, хүн хоорондын бүх харилцаа рациональ буюу зүй зохистой болсон цагт ёс зүйтэй капитализм бий болно. Одоо бол манайд бүх юм иррациональ болчихсон. Дандаа прагматикуудаар дүүрчихсэн, тээнэгэлзэл дийлчихсэн байна.

Улстөрчид нь ярьж байна лээ, капитализм гэдэг онолын хувьд л байдаг байх гэж. Үгүй байхгүй юу. Капитализм бол маш энгийн зүйл. Ганцхан унш, судал. Фредерик Бастия, Австрийн эдийн засагч Людвиг фон Мизес байна, Айн Рэндийг унш. Энэ гурвын үзэл, онол бол үнэн нэг хазайлтгүй юм гэж би хараад байгаа. Капитализм Монголд маш хурдан хөгжинө, төлөвшинө. Монголчууд чинь бас овсгоотой ард түмэн. Тэр овсгоог нь гаргахгүйн тулд харин бүгдийг нь харлуулж байна л даа. Зовж байгаа бол зовлонгоо би өөрөө үржүүлсэн байна, жаргаж байгаа бол жаргалаа улам бадраах ёстой юм байна гэдэг монгол хүний тэр эрэмгий чанар, эрч хүчийг унтраагаад, сөнөөгөөд байна л даа, энэ төр барьж байгаа хүмүүс нь. Ялангуяа сонгууль болохоор тийм л юм ярих юм байна.

-Та Айн Рэндийн нэлээд олон жүжгийн тавьсан санагдаж байна. “Сайтар эргэцүүл” жүжгийг хэдэн онд тавьсан билээ?

-2011 онд “Сайтар эргэцүүл”, 2012 онд “Төгс”, 2013 онд “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” гээд гурван жүжгийг нь найруулан тавьсан байна.

-2011 онд “Сайтар эргэцүүл”-ийг тавьж байх үед нийгэм бас арай өөр байж. “Өө, социалистууд чинь энэ юм байна. Төр ийм байх нь буруу юм байна” гэдгийг л харуулах зорилготой тавьсан байх. Одоо арваад жил өнгөрсөн чинь яг нөгөө 30 жилийн өмнө хаасан хаалган дээрээ ирчихсэн, социалистуудынхаа гарт орчихсон байна. Ийм болно гэж та төсөөлж байсан уу?

-Төсөөлөөгүй. Би тэр жүжгүүдийг тавихдаа ардчилсан тогтолцоогоо л улам гүнзгийрүүлэх, хөгжүүлэхийн төлөө байсан. Одоо бол буцаад социализм руугаа явж байна л даа. Улам л олон яамтай болоод, улам олон сайд даргатай болоод, төр нь улам данхайгаад байна.

-Сая Соёлын яамыг шинээр байгуулахад арай ч нэг хүний өмч хөрөнгө, барилга байшингийн хэрүүл хийгээд явна гэж бодоогүй. Арай өөр бодлого барих байх аа л гэж бодсон?

-Түүх, соёл урлаг гэдэг бол маш том бодлого. Гэхдээ кино урлагийг Соёлын яам базаад, шийдээд явна гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. Соёлын яам байхгүй байхад Амартүвшин, Ариунбаатар дэлхийн дуучин болсон. Бадрал дэлхийн дуучин болсон. Цаашдаа ч нэмэгдэнэ. Монголын ардын урлаг дэлхийн зах зээл дээр гарсан. Би шавь нартайгаа Европод очоод бүх “Гран При”-г нь авч байсан. Монголчууд ирээд нээлт хийлээ гэж шогширч байсан. Европын ардын урлаг гэхээр нэг л юмаа давтаад байдаг юм байна л даа. Бид очоод “Ийм юм байдаг аа” гэтэл нь л хийсэн байхгүй юу. Зургаан өдрийн тоглолтын найруулга, тавилтыг зургаан өөрөөр хийгээд тавихад бүр гайхсан. Монголд ийм боломж байгаа. Ганцхан тогтолцоогоо л өөрчлөх хэрэгтэй. Есөн яам байхад л болоо, дэд сайд хэрэггүй. Парламент бол хуулиа л батал. Хууль нь дандаа хүнээ өмөөрнө, бизнесийг, өмчийг өмөөрнө, хамгаална. Тийм л байх ёстой. Харгислал хүчирхийллээс хамгаалдаг цагдаатай, өмч хөрөнгийг хамгаалдаг шүүхтэй улс орныхоо гадаад, дотоод аюулгүй байдлыг хамгаалдаг Батлан хамаалах яам нь байхад болно.

Тэрнээс биш байгууллага болгон дээр давхиж очоод яах гээд байгаа юм. Нэртэйгээр нь гэрт орох нь л дээ. Гэрт нь очиж байна шүү дээ, янданг нь хөөлнө гэнэ. Яндангаа хөөлж чадахгүй амьдарна гэж ямар юм байдаг юм бэ. Яндангаа хөөлж чадахгүй угаартаж байгаа бол тэр хүмүүсийн хохь. Амьд байхын төлөө, амьдралынхаа төлөө хүн өөрөө тэмцэх ёстой. Тэгж байж амьдарна. Миний хүүхдүүд, миний эхнэр угаартаж болохгүй. Тийм учраас ямар оношилгоо, ямар технологи байна гэж хайж явах ёстой шүү дээ. Гэтэл яндангаа хөөлөхгүй угаартаад үхэж байна гэдэг чинь хүн өөрийгөө хүндлэхгүй, хайрлахгүй, үнэлэхгүй байна аа л гэсэн үг. Энэ дэлхий дээр хамгийн үнэ цэнэтэй юм бол хүн.

-Өөрийгөө үнэлэх, хүндлэх, үнэ цэнээ мэдрэх тал дээр урлагийнхан, уран бүтээлчид хамгийн мундаг нь гэж боддог ш тээ. Та бол угаасаа өөрийгөө үнэлээд, үнэ цэнээ ч тогтоочихсон хүн. Хэлэхээ ч хэлчихдэг. Гэвч манай урлагийнхан, “од” болсон зарим уран бүтээлчдийн тухайд тийм биш юм шиг. Тэр нь нөгөө үзэл, хандлагатай нь холбоотой юм болов уу?

-Улстөрчдийн хормойд шургаж амьдарч байна л даа. Сонгуулиар хэдэн төгрөг олох гэж л уралдаж байна. Аль нэг намын сурталчилгаанд явж, түүгээрээ өөрийгөө үнэлүүлж байна. Энэ бол тархины тураал. Албан тушаал, нэр алдраас илүү үнэ цэнэ чухал. Хүн өөрөө өөртөө үнэ цэнэтэй байх ёстой юм. Миний энэ араншин хар нялхын юм шиг байна лээ. Ганцаараа өссөн өвөө эмээгийн хүүхэд зогсоо зайгүй ажиллана, хонь малаа хариулна, ноос ноолуураа авна, бүх юмаа өөрөө хийнэ. Аав, ээж минь албан хүчээр сургаагүй, хар аяндаа л хийдэг болсон. Тэр ч бас нөлөөлдөг байх. Түүгээрээ ардчилал, эрх чөлөө гэдэг зүйлд үнэн сүсэгтэй.

1982 онд УБДС-ийн кино драмын анги төгсөөд Драмын теарт очсон. 1986 оны Намын төв хорооны II бүгд хурлын дараа  Драмын теарт болж байгаа, улс оронд болж байгаа үйл явдлыг зад шүүмжлээд, тэрний төлөө театраас намайг хөөхийг сануулж хатуу донгодож л байсан. Тэглээ гээд би шантраагүй. Яагаад гэвэл миний зөв. Зөв байсан нь одоо ч нотлогдож байгаа. Одоо ч энэ нэг нийгмэрхүү юмтай нь таарахгүй байгаа нь миний зөв. Би бол хэнээс ч айж хулчийхгүй, хэний ч хармаанд орохгүй. Тийм учраас амьтан хүнд таагүй харагддаг биз дээ. Одоо ч тэгээд улам л хүнтэй яриа, санаа нийлэхгүй болж байна даа. Тэр нь ч зөв гэж бодож байгаа. Ардчилал, эрх чөлөөг авчиралцсаныхаа төлөө чи гуйлгачин бай гэдэг ялгаварласан хандлага харагдаад байгаа болохоор бүр ч тоохоо больсон. Ер нь жам ёсны эрх чөлөөнийхөө төлөө явсан хүн мацаг барих албатай биш шүү дээ.

Нэг юмыг хэлэхэд, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд бүгд өмчтэй. Тэр хүмүүс хувь хүмүүсийн амьдралаа аваад явж байгаа өмч рүү дайрахын оронд өөрсдийнхөө авсан өмчөө сайжруулаад яв. Хэрвээ хурааж авна гэж байгаа бол өөрсөддөө байгаа өмчөө эхлээд үлгэр дууриалал болгоод хураалгах хэрэгтэй. “Мах комбинат”-аа, “Милл хаус”-аа, У.Хүрэлсүх жишээ нь Тэрэлжид барьж байгаа тэр гайхамшигтай зочид буудлаа нийгэмчлэх хэрэгтэй. Тэгж байж хүний өмч рүү ор гэж хэлнэ. Би бол энэ нөхөдтэй барьцана. Эхлээд Соёлын яам нь шалгаад үнэн мөнийг нь гаргаад ирэг. Тэгсний дараа би ярихаа ярина аа.

-Уран бүтээлчид, урлагийн хүмүүс маань яагаад ийм ядуу сэтгэлгээтэй юм бэ? Сонгууль болгоноор биеэ үнэлнэ. Яагаад урлагийнхаа мөрөөр амьдарч болохгүй, улстөрчид дагаж гүйгээд байдаг юм бэ?

-Хамгийн нэгдүгээрт авьяасгүй байна гэж би хэлнэ. Нөгөө талаар юу ч уншихгүй байна. Уран бүтээлч хүн нийгмийнхээ түрүүнд явж байх ёстой, сэтгэлгээгээр том байх ёстой. Сэтгэлгээгээр том байхын тулд тархи нь арвин, баян байх ёстой. Фэйсбүүк ухаад, хов эргүүлээд байхын оронд өөртөө хэрэгтэй юмаа үз, унш. Интернэт дотор чинь хэрэгтэй юм зөндөө бий шүү дээ. Тэр хэрэгтэй юмыг нь шимж аваад, хаана шинэ технологи, шинэ санаа байна, үзээд судлаад явж байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй байна. Нөгөө талаар өөрийн гэсэн толгой алга. Улс төрчид нь луйвраар олсон мөнгөө өгнө, тэр нь юм болохгүй байна шүү дээ.

Тийм учраас уран бүтээлчиддээ хандаж хэлэхэд “Тархины тураалаасаа гар”. Сонгууль болохоор нэг бол АН руу, нөгөө бол МАН руу гүйнэ. Тийм байж болохгүй шүү дээ. Би бол АН-ыг анхнаас нь байгуулалцсан, шавыг нь тавилцсаны хувьд хөөрхий хэдэн нөхдөөсөө урваж, хөрвөж яваагүй ээ. Тэр бол миний идеологи, үзэл санаа. Хувь хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчийн халдашгүй байдал. Үүний төлөө л явж байгаа. Би дахиад хэлье, юм унш. Би Айн Рэндийн гурван том ромыг нь уншсан. Гурван жүжгийг нь найруулсан тавьсан, судалгааны бүх номуудыг нь уншсан. Аристотелаас авахуулаад Жон Локк, Адам Смит, Милтон Фридманыг уншсан. Бүгдийг нь уншиж үзээд жинхэнэ ёс зүйтэй нийгэм гэж юм болох, обективизмыг олж харсан, хамгийн рациональ хандлагатай нь Бастия, Мизес, Айн Рэнд гурав л юм байна гэж итгэсэн.

-Идеалоги гэснээс, бас таны байгуулалцсан АН-ын суурь үзэл санаа байхгүй болчихсон юм шиг харагдаад байгаа. Ялангуяа сая орон нутгийн сонгуулиар МАХН, ШИНЭН-тай нийлснийг хараад олон хүн гайхсан байх?

-АН-д үзэл санаа байхгүй болчихсон. АН социалист нам болчихсон шүү дээ. 2000 оноос хойш энэ социалистууддаа уусаад, “шинэчлэлийн”, “шийдлийн” гэдэг янз бүрийн нэр өгөөд халаасанд нь орчихсон. Эд нар чинь өмч нэгтэй, бараг. Тийм учраас АН-д ардчилсан үзэл санаа гэж байхгүй. Дандаа зүүний үзэлтнүүд, социалистууд. Социалистууд цусны үнэрт дуртай, хядлаганд дуртай. Тийм учраас социалистууд өөрсдөө өөрсдийгөө л нураана. Сая хар л даа, зүгээр байж байсан музейг нураагаад л. Өөрөө өөрсдийнхөө бий болгосон юмыг, бий болгосон хүнийг өөрсдөө барьж иддэг паразитууд байхгүй юу.

Тийм байтал манай АН очиж очиж улаан коммунист МАХН-тай очоод нийлчихлээ. АН-ыг бүр буртаглаад, бузарлаад хаясан ШИНЭН-тай нийлчихлээ. АН-ын үнэт зүйл, үзэл санааг устгаж байгаа хүмүүсээс хамгийн тод харагдаж байгаа нь манай Х.Баттулга Ерөнхийлөгч байна даа.

-Гурван жилийн өмнө бол та тэгж бодоогүй л байх даа?

-Би тэгж бодоогүй. Бодох нь байтугай ардчиллыг аварна гэж бодож байсан. Бид нар юм хардаггүй юм байна. Ардчилсан холбооны байр энэ тэрийг нь додомдоод сайхан болгочихлоо, үүн шигээ байх боловуу гэсэн чинь үгүй юм байна. Ардчилсан холбооны байранд байдаг хэдэн нөхөд энэ хүний угаадсыг идээд, дохио зангаагаар нь амьдардаг юм байна. Хаанаасаа ч мөнгө олдог юм. Эрдэнэтийн 49 хувь, өөр зөндөө олон бизнесүүдийг сүрдүүлээд мөнгө авдаг юм байна. MCS-ээс мөнгө авч байна л гэнэ. Барин тавин хүмүүс зөндөө л ярьж байна.

Би хувьдаа Монголын ардчилал 1990-2000 он хүртэл хагас амьтай байж, тэр үедээ их юм хийж гэж боддог. Өмч хувьчлалыг хийсэн, малыг малчдад нь өгсөн, гаалийн татварыг тэглэж, суурь үнийг чөлөөлсөн. Овоо нэг бүлээн амьсгалтай болсон үе нь, гэхдээ тэр нь гүйцэд биш л дээ. Тэгээд 2000 онд коммунистууд нь ялаад, коммунистуудтайгаа нийлчихсэн. Тэр бүрхэг дунд манай энэ Баттулга их сайн ажилласан хүүхэд юм байна. Манай Доржсамбуугийн хэлсэн нэг үг бий. Их итгэл үзэн ядалт болдог гэж. Би энэ нөхрийг үзэн ядаад ч яах юм билээ.

-Бүр үзэн ядах хэмжээнд очсон гэсэн үг үү?

-Очсоон очсон. Үзэн ядаж байна гэж хэлсэн ч болно. Юунаас айх вэ дээ.

-Юунаас болоод?

-АН-ыг бүр нэг аллаа шүү дээ. Саяны УИХ-ын сонгуулийг л хар л даа. Х.Баттулгын горооны гэх үү, уяаны баахан нөхөд бие даачихсан. Нэмээд АН дотор Ерөнхийлөгчийн квот гээд баахан юм дэвшүүсэн. Тэгээд дээр нь “30 гэр бүл” гээд Монгол Улсад өндөр татвар төлж яваа гайгүй том компаниудыг бүгдийг цоллолоо. Монголын төрийн тэргүүн хүн үндэстнээ ингэж ялгаварлан гадуурхаж, айл өрхөөр нь хувааж болдог юм уу? Энэ бол хагарал. 2017 оноос хойш бол нийгэм, хүмүүс айхтар хагарсан. Гэр дотроо ч хагарсан. Энэ хагарлын эх үндсийг тавьсан эзэн, шатаагч нь өнөөдрийн манай Ерөнхийлөгч. Одоо хар, 2021 онд Ерөнхийлөгч болох гээд бүгдийг нь худалдаж авч байна. Эмэгтэйчүүдэд гэрт нь очиж одон зүүж өгч байна. Хэдий болтол нэг будагтай төмрөнд хууртах юм бэ. Би өөрт нь зөндөө хэлсэн. Тийм учраас одоо энд хэлж байгаа юм. Өөрийнхөө уншсан номуудыг өгсөн хүртэл өгсөн. Зав гаргаад уншаарай гэж. “Монголыг чи аварна” гэж бичээд, гарын үсгээ зураад, тангараг өргөхийнх нь урд өдөр өгсөн. Ганзагын наймаагаар хөл дээрээ боссон хүн, 17 чингэлэг спирт гээд хэл аманд өртөж өдий хүрсэн хүн. Одоо бизнесүүдээ дэмжих байх. Төр хөндлөнгөөс нь оролцохгүйгээр бизнесүүдээ дэмжээд явбал Баттулга Монголд байтугай дэлхийд мандсан Ерөнхийлөгч болно гэж итгэж өгсөн. Одоо тэр номуудаа бүгдийг нь буцаагаад авсан.

-Бүр тийм юм болсон уу?

-Болсоон болсон. Энэ харахгүй юу, өөрийнхөө тамгыг дарчихсан л байна.

-Энэ яадаг тамга юм бэ?

-Өөрийнх нь “Монгол ялав” гэсэн тамга л байна. Би Баттулгад үнэхээр итгэж байсан. Гэтэл улаан коммунист З.Энхболдтойгоо, улаан социалист Н.Алтанхуягтайгаа нийлж тэр итгэл рүү минь ус цацсан. Тийм учраас би энэ нөхөртэй хатуу ярина. Үнэн байх, зөв байхын төлөө би энэ нөхөртэй эвлэрэхгүй ээ.

-Нам яахав, сүйрсэн байж. Гэвч үзэл санаа гэдэг зүйл үхдэггүй. АН-ын үзэл санааг тээгчид хаана явна, тийм хүмүүс байна уу?

-Гол гол хүмүүсийг нь шоронд хийчихлээ. Миний анзаарснаар ихэнхийг нь үхмэл болгочихсон юм биш үү? Харин хоёр, гурав хоногийн өмнөөс “Ардчиллаа хамгаалья” энэ тэр гэж дуугарч байна лээ. Сэхэх юм уу, үгүй юу бүү мэд.

Энэ хоёр нам бүр доод шатандаа, ёроол руугаа хүрч байж нэг юм өндийх байх. Унаад сэхэхдээ харин “Бид буруу замаар будаа тээж байжээ” гэдгээ ухаарах боломж гардаг болов уу, үгүй болов уу. Гарах боломж бол бас бий. Яагаад гэвэл суурь олон гишүүдтэй, тэдэн дотор нь залуучууд их бий. Капитализмын сэжимтэй орнуудад сурсан, боловсорсон залуучууд олон байна. Тийм болохоор магадлал өндөр.

Сүүлдээ ч Монгол Улс ер нь жамаараа  явж байгаа юм байна, тусах ёстой өвчнөө л тусч байна гэж боддог болсон. Сая жишээ нь дэлхий нийтээрээ корона туслаа шүү дээ. Улс төрийн намууд нь ч гэсэн корона туссан л юм байна.Энэ коронаг харин ямар вакцинаар эдгээх юм гэдэг л асуудал. Нэг вакцин гарч ирэх л байх л даа. Сэтгэлгээний хувьд ярьж байна шүү. Эрх чөлөөг эрмэлздэг, хувь хүний эрхийг дээдэлдэг, өөрөө хувь хүн болж чадсан тийм хүмүүс сайн дураараа нэгдэх цаг болсон байна. Хүчээр биш, сайн дураараа.

-Тийм хүмүүс байна уу, таны эргэн тойронд жишээ нь?

-Би хэдэн залуустай дотно байдаг юм. Тийм учраас Монголын ирээдүйд итгэдэг.

-Танай намын залуус уу?

-Үгүй үгүй, нам бус. Тэд бол жинхэнэ обективизм, рациональ хандлага, жинхэнэ ёс зүйтэй капитализмийг бий болгох зорилготой залуус. Хар нялхаараа байж Мизесийг орчуулж, хар нялхаараа дэлхийн том сэтгэлгээний номуудыг орчуулж байна. Д.Амартүвшин байна, Н.Хасар, Билгүүн, Мөнхбат байна. Мөнхбат бол Солийн Данзангийн үр ач юм билээ. Цусанд нь байдаг юм байна л даа.

-Хасар бас Идшиноров түүхчийн ач биз дээ?

-Тийм тийм. Тэр залуу чинь Мизесийг орчуулж байна. Тийм залуучуудтай яриад суухад хэсэг сэтгэл амар болох юм даа.

-Урлагийнхан, уран бүтээлчидтэйгээ хэр ойрхон байна?

-Мэнд устай л байдаг юм. Тэглээ гээд коммунистуудын хормойноос зүүгдээд давхиад байгаа хүмүүстэй юу ч ярих юм билээ. Үзэл санааны зөрүүтэй учраас нунцаглаад байх шаардлагагүй гэж үздэг. Ний нуугүй үнэнийг хэлэхэд нөхөд ч үргэдэг юм байна, хүмүүс ч аяндаа явчихдаг юм байна. Аргагүй байхгүй юу. Үзэл санаа нийлдэггүй учраас долгион барихгүй байна шүү дээ. Яах вэ, залуучуудтай бол долгион тохироод байна аа. Дээр нь сэтгэлгээтэй, чадалтай бизнесүүд Монголд байна шүү. Би бол тэднээр бахархаж байна.

-Ганц хүний “Од” театрын тоглолт удахгүй болох гэж байгаа гэсэн. Хэр хугацаанд завсарлага авсан бэ?

-Тоглолт бол байнга хийж байгаа. Сүүлд 2018 онд бүх аймгуудаар тойрч тоглосон. Сүхбаатар аймагт тоглоогүй. Сүхбаатарын хөшөөг нүүлгэе гэснээс болж нэг тийм хяруу байсан уу, яасан. Тэгээд би тоглоогүй. Хэнтийд бас яг миний тоглолттой давхцуулаад аймгийнх нь дарга нар Онцгой байдлын сургалт хийнэ гээд тоглуулаагүй. Баруун дөрвөн аймгаар бас явж чадаагүй байна. Энэ зургаан аймаг л үлдсэн дээ.

-Тоглолт маань хэдэнд билээ?

-Энэ сарын 23. 24, 25-нд өөрийнхөө “хулгай хийж авсан” театртаа хийнэ дээ.

-Таны театр хэдэн хүний суудалтай юм?

-300 хүний суудалтай.

-Бараг VIP тоглолт юм биш үү? Тоглолтын нэр бий юу?

-VIP тоглолт хийж байгаа. /инээгээд/ Өмнөх тоглолт нь “Би өөрөө” гэдэг нэртэй байсан юм. Энэ тоглолтондоо “Эрх нялх аялгуу” гэдэг нэр өгсөн. Манай Цэнддоо ийм нэртэй шүлэг өгсөн юм, тэрэнд нь би өөрөө аялгуу хийсэн. Амьдралдаа ая зохиогоогүй байж байгаад 59 насны хаалгыг хааж, 60 насны үүдийг нээхдээ нэг ая зохиолоо. Түүгээрээ нэрлээд уран бүтээлийн цэнгүүнээ хийнэ дээ. Хуучин бүтээлүүд бол бүгд л байгаа. Өөрийнхөө бүх шилдэг гэсэн бүтээлүүдээ тоглоно.

-Таны өөрийн дуу хэдэн дуутай болсон бэ? Өмнө дуулагдаж байгаагүй, өөрийн гэсэн дуунууд...

-Нэлээд хэд болсоон. Энэ тоглолтон дээр гэхэд 5-6 дуу дуулагдана.

-Гурван цагийн тоглолтонд нэлээн л олон дуу дуулагдах байх даа?

-Найрагллалуудаа уншина, богино хэмжээний философийн шүлгүүд байна., хошин шогийн номер, ардын дуунууд байгаа.

-Улс төрийн шогууд бас байна биз?

-Байна аа байна. Бас нэг жаахан ёргино оо.

-300 суудалтай гэхээр таны найзууд ирээд бараг ирээд дүүрчих юм биш үү? шүү

-Байнгын үздэг фэнүүд байна аа. Нэг охин бол байнга үздэг. Тоглолт болгон дээр ер нь л байж байна шүү, тэгээд бүр урд сууна. Жинхэнэ фэн гэж тэрийг л хэлдэг байх. Хөвсгөлөөс нэг залуу эхнэртэйгээ ирж үзсэн. “Дүү нь тархины хавдартай юм аа. Одоо бараг эмчилгээгүй болсон. Зориод ирлээ” гээд ирсэн. Гайгүй яваа байгаа.

-Дараачийн уран бүтээл?

-Шавь нартайгаа нэг бүтээл хийх санаа байна. Ноднин коронагаас болоод чадаагүй.

-Драм юм уу?

-Равжаа хутагтын “Өвгөн шувуу” хоёроор дуурь хийх гэж байгаа юм.

-Ингэхэд драмын жүжигчин хүн яагаад дуучин болоод явчихсан юм бэ?

-Дуулах боломж, авьяас чадвар байна гэж үзсэний үндсэн дээр л тэр шүү дээ. Дуулж байна, драм нь бас байна, хошин шог нь орж байна. Надад бүх юм нь байна. Манайхан чинь тайлан тоглолт гээд баахан жүжигчин, дуучин шавуулчих юм байна шүү дээ. Өөрөө хаана байгаа нь мэдэгдэхгүй. Баахан дуучид л мэндчилгээ дэвшүүлээд, өмнөөс нь дуулаад байдаг. С.Жавхлан харин яадаг юм билээ. Цэвэр өөрөөрөө гурван цагийн тоглолт хийх хүн бол надаас өөр байхгүй дээ. Байхгүйгээс гадна хоншоор дутна /инээв/.

-Тэр ч үнэн байх шүү. Хуучны дуунуудаас сэргээж дуулж байгаа юу?

-Байгаа. Аргагүй амраг, Гоож Нанай хоёрыг арай өөр галбираар, өөрийнхөөрөө дуулна. “Дорнын цагаан саран”-гаа симфони оркестртой шинээр хийсэн. Нэлээн шинэ сонгогдоно. Ер нь л нэлээн том диапазонтой дуунууд дуулагдана даа.

-Сая Ерөнхийлөгч хошин урлагийн хоёр жүжигчинд гавьяат өгснөөс болж нэлээд урлагийнхан болон урлаг сонирхогч нарын дунд нэлээн шуугиан дэгдсэн. Нийгмийн сүлжээгээр л явсан л даа. Хошин урлаг ямар түвшинд унасан бэ гэдэг тухай. Та анзаарсан уу?

-Манай Н.Онон, Ж.Мөнхсайхан хоёрын хувьд, яг одоо өгч байгаа нөхцөлд бол хожуу авч байна гэж би хэлнэ. Тэр хоёр бол өөр өөрийн өнгө төрхтэй, сод авьяастай залуучууд мөн. Яг нарийндаа хошин урлаг, нийтийн дууныхан бол жинхэнэ чөлөөт өрсөлдөөнөөр явж байгаа юм шүү дээ. Өөрсдөө үнээ тогтоогоод, татвараа төлөөд, яг жинхэнэ зах зээлийнхээ системээр явж байна. Хэрвээ Соёлын яам ажлаа хийе гэвэл энэ чөлөөт уран бүтээлчдийг дэмжээд “Бүх татвараас чөлөөлсүгэй” л гэх ёстой. Тэгвэл энэ хүүхдүүд чинь нөгөө татварт өгдөг мөнгөөрөө уран бүтээлээ хийнэ, клипээ хийнэ. Илүү өснө, хөгжинө. Мөнгө багадахгүй шүү дээ.

-Онон, Мөнхсайхан хоёрт асуудал нь биш байх аа. Ерөнхийдөө массаараа хошин урлаг жаахан унаж байгаа юм байна, урлагийн түвшинд үнэлэгдэхээ байжээ. Ахуйн чанартай хэрүүл маргаан, эсвэл хүн амьтан дооглох л юм үзүүлдэг болсон гэдэг шүүмжлэл оргүй ч биш байх...

-Би сүүлийн үед хошин урлагийн продакшнуудын хийдэг улирлын тоглолтуудыг үзээгүй. Ер нь бол урлагийн нэр хүнд бүтээж байгаа уран бүтээлчээсээ л шалтгаална. Драм ч бай, дуурьч бай. Нэг шог юмыг би харин хэлье. Комеди жанр сүүлийн үед хүчээ авч байна. UB comedy, Comedy Lab гээд залуус хийж байна. Бараг хошин урлагийнхантай өрсөлдөх галбир гаргаад ирлээ. Тэр их зөв юм. Тэднээс сэдэл авах ёстой шүү дээ. Манайхан бол мэргэжлийн сургууль соёлыг төгсчихсөн мэргэжлийн жүжигчид. Гэтэл ямар ч сургууль соёлыг нь төгсөөгүй нөхөд өөрийнхөө унаган авьяас, мэдрэмжээр яаж фантазалж, ямар мундаг сэтгэж байна. Идэр-Од байна, Амартүвшин байна. Хошин урлагийнхан маань эдний зиндаанд юм уу, эсвэл эднээс дор байвал утгагүй байх оо.

Бол үнэндээ сүүлийн хэдэн жил хошин шогийнхноо үзээгүй. Өмнө миний үзэж байснаар бол дажгүй л хөгжөөгөөд байгаа харагддаг байсан. Ямарваа юм чинь бас алдана, ононо л доо.

-Хамгийн сүүлд хэзээ үзсэн бэ?

-Бараг дөрвөн жилийн өмнө.

-Үзээгүй байна гэдэг чинь үзүүлэхээргүй байна аа л гэсэн үг биш үү? Бараг тэр хавьцаанаас л хүмүүс жаахан уйдах хандлагатай болоод эхэлсэн л дээ.

-Нөгөө л уншихгүй, судлахгүй байгаатай холбоотой. Ланжгар жүжиг тавьж болно шүү дээ. Хошин урлагийнхан маань бүгд өөр өөрийн төрхтэй, ланжгар жүжигчид болчихсон байна. Нийлж байгаад “Байцаагч түшмэл”-ийг цоо шинээр тавьж болно шүү дээ. Миний ч гэсэн мөрөөдөл байдаг юм, хүүхдүүдтэйгээ нийлээд “Байцаагч түшмэл”-ийг нэг хийчих юмсан гэсэн. Санхүү болохгүй байгаа юм. Манай продакшнууд нийлээд зүтгэвэл болно л доо. Нэг хэсэг манай хошин шогийнхон мундаг хөгжсөн. Жүжиг тавьсан, кино руу ч орсон. Сүүлдээ сэдвийн хомсдолд оров уу, яав. Нэг тийм хийж, байж цөхсөн юм болох нь болсон. Тэглээ гээд шуураад унаж байгаа энэ шуурганд унахгүй л байх ёстой. Гэм нь манайд урлагийн шүүмжлэгч, судлаач нар алга.

Ер нь тэгээд энэ гавьяат мавьяат, одон тэмдэг чинь үнэ цэнэгүй болчихлоо шүү дээ. Нэг нь аваа л биз, нэг нь өгөө л биз. Тэрэнд нь талархаад л сууж байх ёстой байхгүй юу. Араас нь заавал нэг “Энэ авчихлаа, тэр нь авах байсан юм” гэсэн барьцааны юм гаргаад байдаг. Энэ чинь хагалан бутаргах л ажил.

-Төр уран бүтээлчдийг шүүж, дүгнэж одон медаль өгснөөрөө харин ч үзэгчдээр нь дамжуулж хагалан бутаргаад байгаа юм биш үү?

-Тархины тураал л даа. Ерөнхийдөө нийгмээрээ тархины тураал болж байна, бид нар. Хомсдол биш, бүр тураал. Явж явж эргээд л нөгөө тогтолцооны, системийн л гажиг юм даа.

-Ярилцсанд баярлалаа. Удахгүй болох тоглолтонд танд амжилт хүсье.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зөвлөе (66.181.161.14)
    60 гарчихсан Со гавьяат хэдийхэн л наслаа аж. Наад байшингаа зүгээр буцааж өгч буян үйлдвэл энэ насны суваргаа босголоо гэсэн үг.
    2020 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.21.108.26)
    Соёлын сайдыг сайд болоход нь гол үүрэг гүйцэтгэсэн хүн иймэрхүү бардам байлгүй яах билээ.
    2020 оны 10 сарын 15 | Хариулах
  • Ajilchiny (66.181.161.4)
    400 saya tog yum bol ogood avah hun zondoo. Sosoo
    2020 оны 10 сарын 14 | Хариулах
  • Иргэн (202.9.40.144)
    Кинотеатраас авна шүү, Сосорбармаа. Ардчилал гээд та нар Монголыг сүйрүүлсэн.
    2020 оны 10 сарын 14 | Хариулах
  • kino (103.10.20.196)
    haanaas ingej mehgetei bolson ni sonin baina daa.sosorbaramaa
    2020 оны 10 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.21.108.182)
    Хуцаж байгаа юм шүү. Хурааж ав
    2020 оны 10 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 16 цаг 34 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 18 цаг 24 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 18 цаг 36 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 18 цаг 41 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 19 цаг 58 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 20 цаг 6 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 20 цаг 27 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 21 цаг 18 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 21 цаг 22 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо 21 цаг 32 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ 21 цаг 41 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 21 цаг 55 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ 22 цаг 3 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Уржигдар 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Уржигдар 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Уржигдар 11 цаг 59 мин Берлин хиймэл ой ухаантай 4000 дроныг Киевт өгнө Уржигдар 11 цаг 47 мин Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТГЭЛ гэв Уржигдар 11 цаг 37 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Хамгийн том шүрэн хадыг олжээ Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа "Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хор... Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагна... “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ...
Top