УИХ-ын ээлжит сонгуулийн буухиа ид дундаа явж байна. Сурталчилгааны хугацаа эхлээд гуравхан хонож буй ч иргэдийн дунд сонголтоо аль хэдийн хийчихсэн улс олон байна. Ялангуяа МАН-аас нэр дэвшигчдийн тал дээр. Үүнд нь тус дэмжлэг болсон МАН-д ч гэсэн талархаад баршгүй. ЖДҮ, 60 тэрбумаараа талцаж хуваагдаад /хоёр Засийн газар сольсон/ дөрвөн жил болсон МАН 65 гишүүнийхээ 54-ийг нь дахин нэр дэвшүүлсэн явдал иргэдийн сонголтыг ийнхүү хөнгөвчилсөн хэрэг.
Ямартай ч иргэд хэнийг сонгох вэ? гэдгээсээ илүү “хэнийг сонгож болохгүй вэ?” гэдэг дээр хатуу итгэл үнэмшилтэй болсон дөрвөн жил байлаа. Сонголтынхоо тэн хагасыг хийчихсэн гэсэн үг.
Сануулахад, 2016 оны сонгуулиар МАН 65 суудалтай үнэмлэхүй олонхи болсноос хойш ганцхан жилийн дараа тус намын 31 гишүүн гарын үсэг зурсан Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах шаардлагыг УИХ хэлэлцсэн байдаг. Засгийн газар огцорсноос хойш дөрвөн сарын дараа /2017 оны 11-р сар/ М.Энхболдыг “60 тэрбумын” хэргээр намын даргаас нь буулгаж, дахиад жил гарны дараа /2019 оны 1-р сар/ УИХ-ын даргын албан тушаалыг нь хурааж авсан.
Харамсалтай нь, энэ үйл хэрэгт хүчин зүтгэсэн МАН-ын 34 гишүүн толгой дараалан ЖДҮ гэмт хэрэгт шалгагдаж, зарим нь одоо ч шүүхийн шатандаа яваа. УЕП-оос хэд хэдэн удаа гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулж үзсэн ч “Түдгэлзүүлэхгүйгээр шалга. Шүүх ялыг нь оноосон цагт бид чөлөөлнө” гэж загнаад буцаасан билээ.
Эцэст нь арга буюу зээл олгосон ХХААХҮ-ийн сайд нь өөрийн хүсэлтээр огцорч, энэ оны дөрөвдүгээр сард УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөнөөр энэ хэрэг замхрах шат руугаа орлоо. Энэ удаагийн сонгуулиар эргээд МАН олонхи болж гэмээн шүүхийн шатанд яваа бусад гишүүдийн хавтаст хэрэг ч гэсэн хаагдана гэсэн үг. МАН хүчээ нэгтгэхээр ийм л зүйл болдог. Нөгөө "загас нь хүртэл бөөстэй" гэдэг шиг намын даргынх нь дүү, намын генсек нь хүртэл ЖДҮ-тэй. Яагаад ч юм МАН-ын дарга нар өөрсдийгөө "ард түмэн" гэж боддог. Цаг үргэлж "ард түмний" өмнөөс ярьдаг нь ийм учиртай.
Сануулахад, 2018 оны аравдугаар сард Монгол улс ФАТФ /Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын байгууллага/-ын Саарал жагсаалтад Африкийн Зимбабве улстай хамт орсон. Саарал жагсаалтад орсон шалтгааныг тун тодорхой бөгөөд ойлгомжтойгоор “Оффшор, авлига, албан тушаалын гэмт хэрэг байнга гардаг, сүр дуулиантайгаар мэдээлэгддэг авч шүүхээр шийдсэн асуудал нэг ч байхгүй. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх сонирхолгүй” хэмээн бичсэн байна лээ.
Атал манай 65 яасан байх нь уу, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг хүлээдэггүй, тэс хөндлөнгийн Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг огцруулж аваад цаашаа явсан. "Жилийн дотор Саарал жагсаалтаас гаргана" гэснээ зургаан сарын дараа Хар жагсаалтад оруулж энэ тэр. Ядаж Хууль зүйн сайдыгаа “ажлаа хийж чадсангүй” гээд огцруулсан бол энэ төрлийн гэмт хэрэгтэй “тэмцэх гээд ч байгаа юм шиг” харагдах байсан байх л даа. Гэтэл одоо нөгөө Зимбабветайгаа хөтлөлцөөд Хар жагсаалт дотор тууж явна. Ирэх аравдугаар сар гэхэд Монгол Улс Европын холбооны эдийн засгийн хоригт орно.
Гэсэн ч МАН энэ бүхнийг үл харгалзан 2016 оны сонгуулиар авсан:
“Эдийн засгаа хямралаас
Эх орноо өрнөөс
Иргэдээ ядуурлаас
Төрөө дампуурлаас аврах” дөрвөн жилийн төлөвлөгөөгөө биелүүлсэн гэж үзээд 65 гишүүнийхээ 54-ийг нь дахин УИХ-д нэр дэвшүүлсэн байна. Ердөө энэ Хар, Саарал жагсаалтын төлөө огцрох ёстой байсан Ерөнхий сайд, МАН-ын дарга нь толгойлоод сонгуульд орж байна. 2016 оны сонгуулиар АН-ыг “Иргэн бүр чинь 15 сая төгрөгийн өртэй байна” /өмнөх 30 жилийн хугацаанд хуримтлагдсан өр л дөө/ гэж чичилж байсан МАН дөрвөн жилийн дараа иргэн бүр нь 27 сая төгрөгийн өртэй улсыг дараачийн Засгийн газарт хүлээлгэж өгөх гэж байна даа. МАН хүчээ нэгтгээд ирэхээр ийм л зүйл болдог.
Б.СЭМҮҮН
Сэтгэгдэл (85)