“Их Долоо”-гийн (G7) орнуудын Эрчим хүчний сайд нар 2030-аад оны эхний хагас гэхэд нүүрсний цахилгаан станцуудыг хаах тохиролцоонд хүрсэн нь чулуужсан түлшнээс татгалзах замд хийсэн томоохон алхам болов. “Бид зарчмын хувьд тохиролцсон, улс төрийн эцсийн хэлэлцээрийг мягмар гарагт байгуулна” гэж Турин хотод болж буй G7-ийн сайд нарын хурлыг даргалагч Италийн Эрчим хүчний сайд Гилберто Пичетто Фратин даваа гаригт мэдэгджээ.
G7-ийн орнууд нүүрсний цахилгаан станцуудыг үе шаттайгаар хаах тохиролцоонд өнгөрсөн онд хүрсэн боловч яг хэзээ хаах талаар санал нэгдэж чадаагүй юм. Нүүрсний асуудлыг эцэслэн шийдсэнээр 2023 онд Дубайд болсон НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бага хурлын үеэр тавьсан зорилгыг биелүүлэхэд чухал алхам болно. "COP28" бага хурлын эцсийн баримт бичигт олборлодог түлшнээс татгалзахыг уриалсан боловч нүүрс, газрын тос, байгалийн хийнээс хэрхэн үе шаттайгаар татгалзах талаар тодорхой тусгаагүй юм.
Энэ онд G7-г даргалж буй Итали улсын хувьд Сардиния арлын станцаас бусад нүүрс түлдэг бүх цахилгаан станцаа 2025 он гэхэд хаахаар төлөвлөж байна. Одоогоор нүүрсний цахилгаан станцууд цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд 26 хувийг эзэлдэг Герман улс 2038 он гэхэд нүүрснээс бүрэн татгалзахаар төлөвлөжээ.