Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 8-ны даваа гаригт нар бүтэн хиртэх үзэгдэл тохиож, Хойд Америкт ажиглагдана гэдгийг BBC мэдээлжээ. Хиртэлтийн гол зурвас нь Мексик, Канад, АНУ-ыг дайран өнгөрнө. Бүтэн хиртэлтийн хамгийн удаан үргэлжлэх хугацаа нь 4 минут 28 секунд байх болно. Харин дараагийн бүтэн хиртэлт 2026 онд болох бөгөөд Атлантын далайд илүү тод ажиглагдах ажээ.
Өнөөдрийн хиртэлт Номхон далайгаас эхлэх бөгөөд Күүкийн арлуудын бүрэлдэхүүнд ордог Пенрин арлын оршин суугчдад хамгийн түрүүнд ажиглагдана. Дараа нь Нарыг бүрхсэн Сарны сүүдэр далай дээгүүр 2500 гаруй км/ц-ийн хурдтай өнгөрч, орон нутгийн цагаар 11:07 цагт Мексикийн эргээр, 20 минутын дараа Мексик, АНУ-ын хилээр өнгөрөх бол, хиртэлтийн гол зурвас хэдэн цагийн дараа Хойд Америкийг бүхэлд нь бүрхэж, Сарны сүүдэр Атлантын далайд туссанаар хиртэх үзэгдэл дуусна.
Хиртэлт гэж юу болох, ямар төрлийн хиртэлтүүд байдаг тухай
Нар, Сар, Дэлхий гурав нэг шугам дээр байрлах үед энэ үзэгдэл тохиодог. Хэрэв дэлхий дунд нь байрлавал түүний сүүдэр Саран дээр тусах бөгөөд энэ бол Сарны хиртэлт юм. Хэрэв Сар дунд хэсэгт байрлавал Нарыг халхалж, Нарны хиртэлт тохионо.
Харин хиртэлт хагас эсвэл бүтэн байх эсэх нь нэг шугам дээр хэр шулуун дарааллаар байрлаж байгаагаас шалтгаалдаг ажээ. Нарны хиртэлтийн хувьд хагас эвсэл бүтэн байх эсэх нь Сар бага зэрэг сунасан тойрог замын хүрээнд Дэлхийгээс хэр ойрхон эсвэл хол байгаагаас хамаарна.
Цагариг хэлбэрийн нарны хиртэлтийн үед Сар дэлхийгээс хамгийн хол зайд байрладаг тул Нарыг бүрэн халхалдаггүй байна. Нарны ээлжит цагариган хиртэлт энэ оны 10 дугаар сарын 2-нд тохиох бөгөөд Өмнөд Америкт ажиглагдах юм. Энэ үзэгдэл Өмнөд Америкаас гадна Хойд Америк, Номхон далай, Атлантын далайд хэсэгчлэн ажиглагдах ажээ.
Нар хиртэх үзэгдлийг зөвхөн тусгай, маш бараан шилээр эсвэл тусгай төхөөрөмжөөр харж болно. Эс бөгөөс нүдний хараа муудаж болзошгүй.