Нийт саналын хуудасны 99,98 хувийг тоолсны дараах байдлаар Үндэсний зөвлөлийн /парламент/ спикер, “Дуу хоолой-нийгмийн ардчилал” намын дарга Петер Пеллегрини Словакийн ерөнхийлөгчийн сонгуульд ялах нь тодорхой болжээ.
Пеллегрини 53,12 хувийн санал авсан бол түүний өрсөлдөгч, Гадаад хэргийн сайд асан Иван Корчокийг сонгогчдын 46,87 хувь нь дэмжсэн байна. Сонгуулийн ирц 61,14 хувьтай байсан бөгөөд нийт 2 сая 671 мянган хүн санал хураалтад оролцжээ.
И.Корчок төрийн тэргүүнээр сонгогдсонд нь Пеллегринид баяр хүргэжээ. Ингэхдээ “Би тамирчин хүн учраас ялагдлаа хүлээн зөвшөөрч чадна. Гэхдээ Пеллегринийг дэмжигчид намайг “дайныг дэмжигч” мэтээр гүтгэж байсныг уучлахгүй" гэсэн байна. Мөн өрсөлдөгчийнх нь сонгуулийн сурталчилгааны санхүүжилт ил тод бус байсныг дурдсан байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд барууны талыг баримтлагч, либерал үзэлт Иван Корчок 42,5 хувийн санал авсан бол Петер Пеллегрини 37 хувийн саналаар удаалсан юм.