АНУ-ын Массачуссетсийн төв эмнэлэгт гахайн бөөр шилжүүлэн суулгуулсан 62 настай Ричард Слэймэн хоёр долоо хоногийн дараа эмнэлгээс гарчээ.
Өнгөрсөн хугацаанд генетикийн хувьд өөрчилсөн гахайн эд эрхтэн суулгуулсан бараг бүх тохиолдол бүтэлгүйтэж байсан юм. Харин энэ удаагийн мэс засал маш амжилттай байж, анагаахын шинжлэх ухааны түүхэнд бичигдлээ гэж Массачуссетсын төв эмнэлгийн эмч нар дүгнэжээ.
Ричард Слэймэн нь бөөрний үрэвслийн төгсгөл шатандаа орсон, амь аврагдахаар тэмцэж байсан нэгэн. Түүнд 4 цагийн турш хагалгаа хийж, гахайн бөөрийг амжилттай суулгасан байна. Одоогоор түүний шинэ бөөр тун сайн, хэвийн ажиллаж байгааг эмч нар хэлжээ.