Лондоны Дээд шүүх WikiLeaks порталыг үндэслэгч, сэтгүүлч Жулиан Ассанжид түүнийг АНУ-д шилжүүлэх шийдвэртээ даван заалдах эрхийг зөвшөөрчээ.
Хоёр хоногийн шүүх хуралдааны явцад Ассанжийн өмгөөлөгчид Афганистан, Иракийн дайнтай холбоотой олон зуун нууц бичиг баримтыг нийтэлсэн гэж түүнд тулгаж байгаа ял нь улс төрийн үндэслэлтэй, түүнийг шилжүүлэхийг АНУ шаардаж байгаа нь хууль бус гэсэн юм.
Лондоны шүүхийн хоёр шүүгч Ассанжийг шилжүүлэх үндэслэл маргаантай байгааг харууллаа гээд, түүнд энэ шийдвэрт даван заалдах боломжийг олгожээ.
Хэрэв сэтгүүлчид даван заалдахыг шүүх зөвшөөрөөгүй бол түүнийг хэдхэн өдрийн дотор АНУ руу шилжүүлэх байв.
Хоёрдугаар сард Лондоны Дээд шүүх түүнийг шилжүүлэн өгөх асуудлаар хуралдсаны дараа сэтгүүлчийг дэмжих жагсаал Лондонд болсон юм. Тэр өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик олон улсын хамтын нийгэмлэг WikiLeaks сайтыг үндэслэгчийн хувь заяанд түгшиж буйгаа илэрхийлсэн юм.
Ассанж Их Британид хоригдож, АНУ түүнийг 18 зүйл ангиар яллаж байгаа ба түүнд нийт 175 жилийн ял өгч магадгүй аж.
М.ЦОГТ