Москва хотын зах дахь "Крокус Сити Хол" хэмээх соёл урлагийн төвд баасан гаригийн орой өөрсдийгөө өнгөлөн далдалсан зэвсэгтэй этгээдүүд гал нээснээс 60 гаруй хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн шархадсан тухай өнөөдөр өглөө мэдээлсэн.
ОХУ-ын албаны хүмүүсийн мэдээлснээр 60 гаруй хүний амь үрэгдэж, 145 хүн шархадсан нь тогтоогдоод байна. Мөн шархадсан 60 хүний биеийн байдал ноцтой байна гэж эмнэлгийн ажилтнууд мэдээлжээ. Гэрчүүд болсон явдлыг нэрээ нууцлан ярьж байна.
2004 оноос хойших хамгийн том аллага гэгдэж буй энэ хэргийг тус улс "цуст террорист" халдлага гэж нэрлээд, халдлагад калашников буу ашигласан болохыг гэрэл зургаар үзүүлжээ. "Исламын улс" бүлэг энэхүү халдлагын хариуцлагыг хүлээсэн гэж уг зэвсэгт бүлгийн мэдлийн "Амак" агентлаг "Телеграмм" сүлжээнд бичсэн байна.
Оросын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр халдлага үйлдсэн гэх хоёр хүний цагаан өнгийн машинтай зургийг нийтэлжээ. Тус улсын нисэх буудал, тээврийн төвүүд, нийслэл даяар аюулгүй байдлын хяналт чангарсан байна.
Гэвч халдлага үйлдэгчид хэрхсэн нь тодорхойгүй байгаа юм. Учир нь халдлагын үеэр концертын төвд гал гарч, гал сөнөөгчид унтраах гэж ажиллах зуурт шуурхай албаныхан дээврийн хэсэг нь нурсан уг төвөөс хүмүүсийг гаргах шаардлагатай болжээ.
Харин "Исламын улс" бүлэг, гишүүд нь Москва хотын захад довтолж, олон зуун хүнийг цааш нь харуулж, шархдуулсан гээд тэд бааз руугаа аюулгүй ухрахаас өмнө тухайн газарт их хэмжээний сүйрэл учруулсан гэж мэдэгдсэн байна.
Америкийн талаас ч мөн энэ халдлагад исламын зэвсэгт бүлэг буруутай гэж батлан мэдээлсэн байна. Тус улсын Москва дахь Элчин сайдын яам Кремлиэс 20 орчим км-ын зайтай болсон энэ халдлагын талаар хоёр долоо хоногийн өмнө анхааруулж байжээ.