Дайн эхэлснээс хойш Украинд 13387 хөлсний цэргийнхэн ирсэн ба тэдний 5962 цэргийг Оросын тал устгасан гэж ОХУ-ын БХЯ мэдээлжээ.
"Устгагдсан дайчдын тоогоор Польш (2960 хүн ирснээс 1497 нь устгагдсан) тэргүүлж байна" гэж мэдээнд өгүүлэв. Дараа нь Гүржийн 1042 хөлсний цэргээс 562 хүн хөнөөгдсөн байна. Америкаас 1113 хүн ирж тулалдсаны 491 цэрэг нас баржээ.
Мөн 1005 Канадын хөлсний цэргийн 422 нь үрэгдсэн байв. Их Британиас 822 хүн ирээд 360 нь үрэгджээ. Румыны 784 хөлсний цэргийн 349, Германы 235 хүний 88 нь тус тус хөнөөгджээ.
Украины нутагт хөлсний цэрэг байхгүй гэгддэг Францын 356 хүний 147-г нь устгасан гэж Оросууд онцолж байна.
Өмнө нь гуравдугаар сарын 7-нд Украины БХЯ-ны Тагнуулын газар тус албаны олон улсын легионд 50 орны хүмүүс алба хааж байгаа. Тэдний тоонд АНУ, Их Британи, Австрали, Дани, Европын бусад орнууд, Африк, Өмнөд Америкийн тусгай ажиллагааны ахмад дайчид, бусад анги нэгтгэлийн хүмүүс бий гэж онцолжээ.
М.ЦОГТ