Москвагийн Их театрын балетын бүжигчин Светлана Захаровагийн тоглолтыг цуцалснаа Сөүлийн Урлагийн Төв баасан гаригт зарлажээ.
Захарова ирэх сарын 17-21-нд тус төвд тоглогдох “Modanse” бүжгийн жүжигт загварын ертөнцийн алдартан Коко Шанелын дүрийг бүтээх байв. Гэвч Украинд явуулж буй түрэмгий дайныг ил тод дэмждэг уран бүтээлчийг Сөүлд тоглуулах нь зөв эсэх талаар маргаан оны эхнээс үргэлжилсэн байна.
Тоглолтыг цуцлах шийдвэр гарсны дараа Сөүл дэх Оросын ЭСЯ хувийн компанийн зохион байгуулах арга хэмжээг цуцалсанд харамсаж буйгаа илэрхийлжээ. Мөн урлаг соёлын хамтын ажиллагааг “улс төрийн тоглоомын хохирогч” болгож буйг буруушааж, Сөүл дэх зарим улсын ЭСЯ-дыг шүүмжилсэн байна.
Харин БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяа Сөүлийн Урлагийн Төв нь үзэгчид болон уран бүтээлчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс “Modanse” балетын тоглолтыг цуцалсанаа хэлээд "Тоглолтыг хүлээж байсан үзэгчдээс чин сэтгэлийн хүлцэл өчиж, биднийг зөвөөр ойлгохыг хичээнгүйлэн гуйж байна” гэжээ. Тоглолтын хамтран зохион байгуулагч InArts Production компани мөн энэ мэдэгдлийг дэмжсэн байна.