Холливүүдийн од, хар хун Натали Портман бүжиг дэглээч нөхрөөсөө салсныг жүжигчний ойрын эх сурвалж мэдээлжээ.
Түүнийг 11 жил ханилсан нөхөр Бенжамин Миллепидээс салах хүсэлтээ шүүхэд гаргасан тухай мэдээ өнгөрсөн оны долдугаар сард анх тарж байсан билээ. Мөн өнгөрсөн сард Францад тэдний салалт эцэслэн баталгаажсан байна.
Тэд 2009 онд Наталиг “Black Swan” кинонд тоглож байх үед танилцаж байжээ.
Өнгөрсөн оны тавдугаар сард Миллепидийн гэр бүлээс гадуур харилцааны талаар хэвлэлүүд мэдээлж байсан бөгөөд уг харилцаа нь богино хугацаанд үргэлжилсэн, асар том алдаа байсан тухай ярьсныг People сэтгүүлд нийтэлж байжээ.
42 настай Портман нь АНУ, Израилийн давхар иргэний харьяалалтай бөгөөд Холливүүдийн гайхалтай эмэгтэй жүжигчдийн нэг юм.