Хятадын дарга Ши Жиньпин далай тэнгис, сансар, кибер орон зайн салбаруудад стратегийн чадавхыг сайжруулахыг үүрэг болгожээ. Тодруулбал, далайн бэлэн байдал, сансар, кибер орон зай гэх мэт шинээр гарч ирж байгаа салбаруудад стратегийн чадавхыг бэхжүүлэхийг армидаа үүрэг болгосон байна. Пүрэв гаригт Бээжин хотноо үргэлжилсэн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын үеэр болсон цэрэг, цагдаагийн уулзалтад оролцох үеэр ингэж хэлсэн байна.
Ши Жиньпин "Шинээр гарч ирж буй салбаруудад стратегийн чадавхыг иж бүрэн сайжруулахын тулд шинэчлэлийг ахиулах, инновацийг дэмжихийг уриалаад, тэнгисийн цэргийн бэлэн байдал, далайн эрх ашгийг хамгаалах, далайн эдийн засгийг хөгжүүлэх хүчин чармайлт гаргахыг хүссэн” гэж "Си Си" ТВ мэдээлжээ. Мөн үндэсний интернет сүлжээг баттай хамгаалах кибер аюулгүй байдлын систем байгуулахыг уриалсан гэлээ.
Хятадын Засгийн газар тус улсын Ардын чөлөөлөх армийн зуун жилийн ой тохиох 2027 он хүртэл цэргийн хүчин чадлаа бэхжүүлэхийн тулд хиймэл оюун ухаан болон бусад шинэ технологийг нэвтрүүлж байгаа юм.