Лхагва гаригт Аргентины ерөнхийлөгч Хавьер Милейгийн дэвшүүлсэн эдийн засгийн хэмнэх хатуу бодлогыг эсэргүүцсэн ажилчдын жагсаал нийслэл Буэнос-Айрес хотод 12 цагийн турш болж өнгөрлөө. Хэт барууны популист үзэлтэй Хавьер Милей өнгөрсөн оны ерөнхийлөгчийн сонгуульд ялж гарч ирэхдээ хэт өндөр хөөргөдсөн инфляцыг бууруулахын тулд эдийн засгийн шинэчлэл хийж, цочроо өгнө гэж амлаж байсан юм. Тэрээр амласныхаа дагуу төсвийг танаж, төрийн өмчит олон газрыг хувьчлах, яамдыг цөөлөх бодлогоо дэвшүүлж эхэлсэн нь эргээд иргэдийнхээ эсэргүүцэлтэй тулгарч эхэллээ.
Энэ бослого жагсаал Аргентины Үйлдвэрчний ерөнхий холбооны нэрийн доор зохион байгуулагдсан байна. Үйлдвэрчний ерөнхий холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Хюго Яаски ерөнхийлөгч Милейг ядуурал, хууль бус хар ажилчдын тоо нь 90 хувьд хүрсэн Аргентин улсыг хүсэж байна гэж жагсаалын үеэр орон нутгийн радиод ярилцлага өгсөн байна. Одоогоор Аргентин улсын инфляцын түвшин 211%-д хүрсэн байгаа. Милейгийн бодлогын дагуу шинээр ажлын байр бий болох боломжгүй болсон, ард түмэн яах учраа олохгүй байна гэж жагсагчид хэлж байна. Өчигдөр жагсаал эхлэхээс өмнө Милейгийн өргөн барьсан эдийн засгийг чангатгах багц хуулийг Аргентины хууль тогтоох дээд байгууллагын нэг төлөөлөгчдийн танхим хүлээн авч баталсан байна. Улмаар орон нутгийн цагаар үд дундад энэ хуулийг эсэргүүцсэн жагсаал дэгджээ. Жагсаал Буэнос-Айрес даяар зам тээврийн хөдөлгөөн, банк, эмнэлэг, олон нийтийн үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд нөлөөлжээ. Жагсаалын улмаас дотоодын хэдэн зуун нислэг хойшлогдож, цуцлагдсан байна.
Иргэд “Эх орноо зарж идэх ёсгүй”, “Зарж идэх нь давуу эрх биш” гэсэн зурагт хуудас барьж, мөн Милейг дүрсэлсэн хүүхэлдэй барьсан хүмүүс ч жагсаж байсан байна. Жагсаал маш өргөн хүрээтэй болж байгаа тул хэчнээн хүн цугласныг хэлж мэдэхийн аргагүй байлаа гэж газар дээрээс нь сурвалжилсан Аль Жазийра агентлаг мэдээлжээ. Жагсаалын нөгөө талд ерөнхийлөгч Хавьер Милейгийн засгийн газар эдийн засгийн чангатгах бодлогоо олон жил хуримтлагдсан улсын өрийг багасгах зорилготой гэж тайлбарлаж байна. Өмнөд Америкийн энэ улс сүүлийн хэдэн арван жилийн турш маш их хөрөнгө мөнгө үрэн таран хийж, дотоодын зээлдэгчдэд ч, гадны зээлдэгчдэд ч асар их өр тавьсан, Олон улсын валютын сантай гэхэд 44 тэрбум долларын гэрээ байгуулж, улсын өрөө улам нэмэгдүүлсэн гэж Милейгийн засгийн газар өмнөх засгийн газруудыг буруутгаж байгаа. Тиймээс энэ улсыг өрнөөс салгах чанга бодлого хэрэгжүүлэхэд ямар ч жагсаал цуглаан биднийг зогсоохгүй гэж Аргентины батлан хамгаалахын сайд Патриша Булрих цахим хуудсандаа нийтэлжээ. Мөн энэ удаагийн жагсаалыг мафийнхан, хуучин бодлогодоо хэт бугшиж үлдсэн улс төрчид шинэчлэлээс айж өдөөн хатгаж байна гэж дүгнэжээ.
Монголын мэдээ
Сэтгэгдэл (1)