Уралын нурууг даган оршдог ОХУ-ын Башкортостан мужид Лхагва гарагт иргэдийн бослого хөдөлгөөн дэгдэж, цагдаа хүчнийнхэн бослогыг намжаахын тулд нулимс асгаруулах хий цацах зэрэг арга хэмжээ авсан байна.
Энэ мужийн иргэд Фаиль Алсынов гэгч хүний эрхийн төлөө тэмцэгч 4 жилийн хорих ял сонссоны дараа уг шийдвэрийг эсэргүүцэж бослого дэгдээжээ.
Алсыновыг цагаачдын эсрэг үзэн ядах үзэл санаа дэлгэрүүлж, өдөөн хатгасан хэргээр дөрвөн жилийн хорих ял оноосон ч Алсынов өөрөө энэ хэргийг үгүйсгэж буй юм байна.
Босогчид болон хууль сахиулагчдын хоорондох мөргөлдөөний дүрс бичлэгт үзүүлснээр нэг иргэн толгойдоо хүнд бэртэж, хэдэн авран хүн хөнгөн бэртэл гэмтэлтэй, мөн хэдэн арван хүнийг барьж саатуулж байгаа дүр зураг үлджээ.
Алсыновыг шүүх хурал болон бослого хөдөлгөөн ОХУ-ын зүүн өмнөд нутгийн Казахстантай хиллэдэг Башкортостан буюу Башкир мужийн Баймак сууринд болсон байна.
Одоогоор тус мужийн удирдлагууд бослого дэгдээсэн голлох этгээдүүдийн эсрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Ийм бослого ОХУ-д дээд тал нь 15 хүртэлх жилээр хоригдох ялтай байдаг.
Орон нутгийн хэвлэлийн газрын сэтгүүлчийн "BBC" агентлагт өгсөн мэдээлэлд дурдсанаар Башкирын удирдлагууд Алсынов болон босогчдын хэргийг олон нийтэд жишээ болгож, прокурорын өгсөн ялаас илүү хүнд ял оноохыг оролдож байгаа гэж дурдсан байна.
Мөн Алсыновт хүнд ял оноосон нь иргэдийг бухимдуулна гэдгээ Башкирын удирдлагууд мэдэж байсан гэж дурджээ.
Алсыновын ялаас гадна Башкирын иргэд хүрээлэн буй орчны асуудал зэрэг янз бүрийн асуудлаар жагссаар байгаад түүндээ дасчихсан гэж нэмж хэлсэн байна.
Ялангуяа Баймак шиг ийм алслагдмал сууринд ирж жагсах нь элбэг байдаг, 5 цагийн зайтай газраас хүртэл зорьж ирж жагсдаг талаар онцолж байлаа. Тиймдээ ч цагдаа нарт баригдахаас айхаа больсон гэж тайлбарлаж байна.
Энэ удаагийн бослого нэлээд хүчирхийллийн шинж чанартай болж өнгөрсөн, бэртэж, гэмтсэн хүмүүсийн дунд цагдаагийнхан ч байгаа, жагсагчид өөрсдийгөө зэвсэглэсэн байсан гэж Оросын мөрдөн байцаагчид мэдээлжээ.
Алсыновыг Башкирын дээд шүүхээс алтны уурхайд ажиллахаар ирсэн цагаачдын эсрэг жагсаал цуглаан өдөөсөн, цагаачдыг доромжилсон гэж хэрэг үүсгэж хорих ял оноосон.
Харин Алсыновыг дэмжигчид түүнийг Башкир дахь ариун дагшин гэж тооцогддог газарт албанынхан хужир олборлох ажиллагаа явуулах гэж байсны эсрэг тэмцсэн, тэмцсэнийх нь хариуд эрх баригчид түүнээс өшөөгөө авлаа гэж шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаа юм байна.
Алсынов ял сонссоныхоо дараа гарч явах үедээ сэтгүүлчдэд өгсөн мэдэгдэлдээ өөрийнх нь эсрэг тулгаж байгаа ялыг огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй, өөрөө шударга ёсны төлөө, ард түмнийхээ төлөө, муж улсынхаа төлөө тууштай тэмцэж ирсэн гэж хэлсэн байна.
Башкир буюу Башкортостан муж нь 4 сая хүн амтай, Оросын 7 дахь их хүн амтай холбооны муж улс юм.
Хүн амынх нь олонхыг башкир болон татар гаралтай хүмүүс эзэлдэг. Исламын шашны сунни урсгал голлосон, исламын шашинтнуудаас гадна олон шүтлэгтэн, ястнаас бүрдсэн холбооны муж улс юм.
MNB.MN