АНУ-ын батлан хамгаалах хүч өчигдөр Йемений Хуситууд босогчдын Улаан тэнгис рүү довтолдог пуужингийн системийг бөмбөгдсөн байна.
Энэ мягмар гаригт Хуситууд Улаан тэнгист зорчиж явсан Грек улсын ачаа тээврийн онгоц руу пуужин харвасны хариуд АНУ агаараас бөмбөгдөж байгаа нь энэ юм байна. АНУ түрэмгий довтолгоо үйлдэж байгаагаас нь үүдэж Хуситуудыг “алан хядагч байгууллага” гэж дахин тодорхойлохоор төлөвлөж байгаа гэж Ройтерс агентлагийн эх сурвалжууд мэдээлсэн байна.
Хуситуудыг урьд нь АНУ-ын ерөнхийлөгч асан Доналд Трамп “алан хядагч байгууллага” гэж тодорхойлж байсан юм. Харин одоогийн ерөнхийлөгч Жо Байден бүрэн эрхээ хүлээн аваад 2021 онд Хуситуудыг энэ тодорхойлолтоос гаргасан байна. Гэвч Хуситуудын сүүлийн үед явуулж байгаа онц ноцтой түрэмгийллүүд тэднийг “алан хядагч байгууллага” гэж эргэн тодорхойлохоос өөр аргагүй болж байгаагаас гадна “тусгай зохион байгуулалттай олон улсын алан хядагч” гэж тодорхойлох ч боломжтой гэж Ройтерс агентлаг мэдээлж байна. Йемений Хуситууд нь өнгөрсөн оны 10-р сард Газын зурваст дайн эхэлснээс хойш дайтагч Хамасын талыг ил тод дэмжиж байгаагаа илэрхийлж, Израилын холбоотон гэж өөрсдийн үзсэн Улаан тэнгист зорчиж яваа ачаа тээврийн хөлөг онгоцуудыг онилж агаараас довтолсоор байгаа юм. Улаан тэнгист дэлхийн нийт усан тээврийн 15 хувь зорчин өнгөрдөг маш чухал бүс. Тиймээс энэ усан бүсэд ашиг сонирхлоо хамгаалахаар барууны хэд хэдэн орон хамтарч эвсэл байгуулан, Хуситуудын эсрэг арга хэмжээ авна гэж амлаад байгаа.
Өнөө өглөө АНУ-ын явуулсан довтолгоо Хуситуудын Улаан тэнгис рүү харвахаар яг бэлтгэх байдалд цэнэглээд байсан дөрвөн баллистик пуужингийн систем рүү довтолсон гэж Цагаан ордноос мэдээллээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирбигийн хэлж байгаагаар АНУ Улаан тэнгис дэх мөргөлдөөнийг ширүүсгэхийг хүсэхгүй байгаа.
Энэ бүс нутагт мөргөлдөөн ширүүсэхгүй байх голлох шийдвэрийг Хуситууд гаргана, тэдэнд зөв сонголт хийх хугацаа байгаа гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Улаан тэнгист одоо үүсээд байгаа хурцадмал байдал нь Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд буй гурав дахь тогтворгүй нөхцөл байдал болж байна.
MNB.MN