АНУ ба Их Британийн зэвсэгт хүчин Йемений "Ансар Алла" хөдөлгөөн (хуситууд) худалдааны хөлөг онгоцнуудад халдаж байгаагийн улмаас өнгөрсөн баасан гаригийн шөнөөс эхлэн хуситуудын байгууламжид цохилт өгч эхлэв.
Энэ нь шинэ дайнд хүргэх үү?
АНУ ямар байгууламжуудад довтлов
- АНУ-ын Төв командлалын Нисэх хүчний командлагч Алекс Гринкевич самуун дэгдээгчдийн Йемен дэх 60 гаруй байгууламжид нисэх хүчин цохилт өглөө гэж мэдээлэв.
- Reuters агентлаг мэдээлэхдээ эхний цохилтын үеэр, "Ансар Алла" хуситуудын хяналтад байдаг Улаан тэнгисийн эрэг дэх Ходейда боомт хотод хүчтэй дэлбэрэлтүүд сонсогдож байжээ. Мөн Саад, Сан хотуудад дэлбэрэлт цуурайтав.
- Sky News Arabia мэдээлснээр Йемений арваад үйлдвэрлэлийн төв, зэвсгийн агуулах довтолгоонд өртжээ
- The New York Times сонин дамжуулснаар, зэвсгийн агуулах, пуужин, дрон хөөргөх байгууламжийг оруулсан 60 байд цохилтыг 150 гаруй өндөр тусгалын зэвсгээр хийсний явцад хуситуудын довтолгооны хүчин чадлын зөвхөн 20-30 хувийг устгасан гэжээ.
- Цохилтыг сөнөөгч онгоцнууд, Улаан тэнгист байгаа "Огайо" ангиллын USS Florida (Флорида) цөмийн шумбагч онгоцноос Tomahawk далавчит пуужингаар хийсэн байна. Америк, британийн цэргийнхэн хөлөг онгоцнуудаас далавчит пуужин харвасан гэж NBC News мэдээлэв.
- Хуситууд арваннэгдүгээр сараас хойш 20 гаруй худалдааны хөлөгт халдсан гэж АНУ мэдээлжээ.
АНУ-ын мэдэгдэл
- "Ансар Аллах" хөдөлгөөний 15 байгууламжийн 60 байд цохилт хийснээ АНУ-ын Нисэх хүчин мэдэгдлээ. Мэдэгдэлд цохилтыг өгөхөд Австрали, Бахрейн, Канад, Нидерландын дэмжлэгтэйгээр Их Британийн хамт ажилласан гэжээ. Өгч буй цохилтуудад "бүх Ойрхи Дорнодын эвслийн хөлөг онгоцнууд ба нисэх хүчин оролцож байгаа" гэлээ.
Их Британийн мэдэгдэл
- Йемений нутаг дэвсгэрт цохилт өгөхөд олон улсын эрх зүйг барьсан гэж Лондон үзэж байна. Зэвсэгт халдлагаас хамгаалахын тулд хүч хэрэглэсэн нь зайлшгүй шаардлага гэж тэд хэлж байна.
- Их Британийн Тэнгисийн цэргийн хүчин Улаан тэнгист эргүүл хийж буйг бас мэдэгдлээ.
- Их Британи хуситуудын байрлалд шинэ цохилт өгөхгүй гэж ерөнхий сайдын төлөөлөгч мэдэгдлээ.
Хуситууд цохилтод хэрхэн хандав
- "Ансар Аллах" хөдөлгөөний албан ёсны төлөөлөгч Мухаммед Абдель Салям мэдэгдэхдээ, хэдийгээр АНУ, Их Британийн түрэмгийлэл хийгдэж байгаа ч Израильтай холбоотой улс орны хөлөг онгоцнуудад довтолгооноо үргэлжлүүлнэ гэлээ.
- Улаан тэнгист хөлөг онгоцнуудын хөдөлгөөний зам аюулд байгаагүй харин Йемен Газын зурвасын палестинчуудыг дэмжиж байгааг тэр хэлжээ. Мөн тэрээр цохилтыг зөвхөн АНУ, Их Британи хоёр хийсэн өөр ямар нэгэн эвсэл байхгүй гэжээ.
- Хөдөлгөөний цэргийн төлөөлөгч Яхья Сариа тодотгосноор, АНУ, Их Британий хоёр 73 цохилт хийсэнд таван хусит амь үрэгдэж, зургаа нь шархадсан байв. Хөдөлгөөнд энэ довтолгоон “материал, стратегийн ямар ч хохирол үзүүлж чадаагүй” тэр хэлээд түрэмгийллийг зүгээр өнгөрөөхгүй гэв.
Энэ довтолгооныг шинэ дайн гэж үзэж болох уу
- АНУ, Их Британи хоёрын довтолгоог Йемений эсрэг дайн гэхгүй нь ойлгомжтой. Цохилт нь хуситуудынх гэхээс Ираны байгууламжуудад өгч байгаа довтолгоон юм.
- Йемений хуситууд бол субъект биш. Тэд Ираны сонирхлыг явуулагч гар хөл нь юм. Тиймээс ч энэ цохилтоор Ираны цаашид юу хийхийг харж буй хэрэг юм.
М.ЦОГТ
Сэтгэгдэл (2)