Өмнөд Солонгос улсад өсвөр насны амиа хорлолт болон зожигрох зэрэг сэтгэлзүйн асуудал нэмэгдэж, нийгмийн асуудал болоод байна. Тиймээс тус улсын Боловсролын яам ирэх гуравдугаар сараас эхэлж бага, дунд, ахлах сургуулиудад сэтгэцийн эрүүл мэндийн шинжилгээ өгдөг болно гэж мэдээлжээ.
“Сэтгэлээ тайвшруулах тест” нэртэй энэ шинжилгээ нь сурагчдын сэтгэл хөдлөл, сэтгэл түгшилт, гэр бүлийн харилцаа, сэтгэлзүйн гэмтэл, сургуулийн амьдрал зэргийн талаар мэдээлэл цуглуулах 37 асуултаас бүрдсэн байна. Тус шинжилгээгээр цуглуулсан мэдээллийг онлайнд байршуулж, шаардлагатай тохиолдолд ашиглаж байх цахим зохицуулалттай болох юм байна.
Багш нар мөн сэтгэлзүй нь тогтворгүй байгаа сурагчаа ойлгож дэмжин, шинжилгээгээр "анхаарал халамж шаардлагатай" гэж гарвал эцэг эхэд нь мэдэгдэж, хамтарсан тусламж үзүүлдэг байх талаар хуулийн зохицуулалтад тусгаж өгчээ.