Европын хаад, хатан хаадаас хамгийн удаан засаглаж буй Данийн хатан хаан Маргрет энэ сарын 14-нд өөрийн ууган хүү, хунтайж Фредерикт титмээ шилжүүлэх өгөхөө мэдэгдэв. Энэ тухай Маргрет өчигдөр буюу шинэ жилийн орой ард түмэндээ телевизээр мэндчилгээ дэвшүүлэх үеэр зарласан нь "гэнэтийн явдал болов" хэмээн хэвлэлүүд мэдээлж байна.
Хатан хаан Маргрет өнгөрсөн оны хоёрдугаар сард нурууны хагалгаанд орсон нь амжилттай болсон юм. Үүний дараа тэр үүрэг хариуцлагаа хойч үедээ шилжүүлэн өгөх тухай бодож эхэлсэн ба цаг нь болсон гэж үзжээ.
Өдгөө 83 настай хатан хаан 1972 онд өөрийн аав, IX Фредерикийн хаан ширээг залгамжилж, Дани улсыг 52 жил захирчээ.
2022 оны есдүгээр сард Их Британийн хатан хаан Элизабет нас барсны дараа тэр Европын түүхэнд хамгийн удаан төр барьсан, 2023 оны долдугаар сард Дани улсын түүхэнд хамгийн удаан төрийн жолоог атгасан хаан болжээ.
Данийн ерөнхий сайд Метте Фредериксен өчигдөр хатан хаанд талархал илэрхийлж, “Хаан ширээг шилжүүлэх цаг ирсэн гэдэгтэй эвлэрэхэд хэцүү байна. Хатан хаан Маргрет бол Дани улсын үлгэр жишээ бөгөөд олон жилийн турш биднийг ямар үндэстэн, ямар ард түмэн болохыг үг хэл, мэдрэмжээрээ илэрхийлсээр ирсэн хүн билээ” хэмээн хэлсэн байна.
Маргрет нь 1940 онд хаан IX Фредерикийн охин болон мэндэлж, Данийн үндсэн хуульд эмэгтэй залгамжлагчийг зөвшөөрсний дараа 1953 онд 13 насандаа хаан ширээг залгамжлагч болжээ.
1967 онд тэр Францын дипломатч Анри де Лаборд де Монпезаттай гэрлэж, 2018 онд нас барах хүртэл нь хамт амьдарч байв. Хатан хаан Фредерик, Йоахим нэртэй хоёр хүүтэй бөгөөд тэдний ахмад нь одоо X Фредерик хаан болно. Хунтайж Фредерик 2004 онд Австралийн иргэн Мэри Элизабет Дональдсонтой гэрлэжээ.
Хунтайж Фредерик гэр бүлийн хамт. 2015 он