БНХАУ Саудын Араб, Ираны гурван талт хамтарсан хорооны анхдугаар хуралдааныг Бээжин хотноо зохион байгуулж байна. Анхдугаар уулзалтаар Хятадын засгийн газар Саудын Араб, Ираны хооронд харилцааг сайжруулах үйл явцыг ахиулах гурван санал дэвшүүлж байна. Саудын Араб, Ираны сайн хөршийн найрсаг харилцаатай болох нь Ойрх Дорнодын энх тайван, тогтвортой байдлыг дэмжихэд хувь нэмэр оруулах боломж" гэж Бээжин үзэж байна. Хятад улс Ойрх Дорнодын нөлөө бүхий хоёр улсын харилцааг сайжруулахад гол зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа юм.
ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, гадаад харилцааны сайд Ван И Саудын Арабын Гадаад хэргийн дэд сайд, Ираны ГХЯ-ны Улс төрийн асуудал эрхэлсэн орлогч сайд нарыг хүлээн авчээ. Ван И “Ойрх Дорнод цаашид их гүрнүүдийн геополитикийн талбар болж болохгүй, Ойрх Дорнодын ирээдүй бүс нутгийнхаа улс орнуудын гарт байх ёстой гэсэн байр суурь илэрхийлжээ.
Хятадын талаас: нэгдүгээрт стратегийн эвлэрэлд хүрэх сонголтыг гуйвшгүй баримтлах, Хоёр тал яриа хэлцэл, зөвшилцлийн замаар харилцан итгэлцлээ тасралтгүй нэмэгдүүлж, мөнхийн, иж бүрэн сайн хөршийн найрамдлыг бий болгох, Хоёрдугаарт талууд эдийн засаг, худалдаа, аюулгүй байдал, иргэдийн солилцоо зэрэг салбарын хамтын ажиллагааг идэвхтэй судалж, боловсон хүчний солилцоог өргөжүүлэх, 3-рт, хоёр тал гадны хөндлөнгийн оролцооноос татгалзах нь зүйтэй гэсэн саналыг дэвшүүлсэн байна. Мөн Хятад улс Араб, исламын шашинтай орнуудын талд зогсож, Палестины ард түмний хууль ёсны эрхийг сэргээхийг дэмжсээр ирсэн гэдгийн Ван И цохон тэмдэглэсэн байна. Олон жил зөрчилдөж ирсэн Саудын Араб, Иран улсууд Бээжингийн энэхүү саналыг бүрэн хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ Хятад, Саудын Араб, Иран улсууд олон салбарт гурван талын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар хэлэлцсэн байна. Ираны хувьд тогтмол нислэгтэй болох нь Иран, Саудын Арабын харилцааг сэргээх нэгэн шинэ алхам болно гэж мэдэгдэж байсан.
Ойрх Дорнодын хоёр улсыг шууд холбох нислэгтэй болох асуудлаарх сүүлийн шатны хэлэлцээ энэ долоо хоногт эхэлсэн, ингэхдээ мөргөлчид болон шашны бус аяллуудыг багтаахаар талууд хэлэлцэж байгаа аж.
MNB.MN