Газын зурваст тусгай ажиллагаагаа дуусгасны дараа Израилийн тусгай албаныхан ХАМАС хөдөлгөөний лидерүүдийг дэлхий даяар мөрдөн мөшгөж хөнөөх гэнэ. Энэ тухай Израилийн албаны хүмүүсийн эх сурвалжид тулгуурлан The Wall Street Journal сонин бичжээ.
Еврейн улсын ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн тушаалаар, тагнуулчид ХАМАС-ын лидерүүдийг Катар, Турк, Ливан зэргийн орнуудад мөрдөн мөшгөх төлөвлөгөөг боловсруулж байгаа аж.
Сонинд тэмдэглэснээр, тэр нь олон жилийн нууц ажиллагааны эхлэл болох ба гадаадад зорилготой аллага үйлдэх нь олон улсын хэлэлцээг зөрчихөөс гадна нутаг дэвсгэрт нь зөвшөөрөгдөөгүй аллага хийгдсэн орны зүгээс хариу арга хэмжээ авахад хүргэж магадгүй юм.
Пулитцерийн шагналтан америкийн сэтгүүлч Сеймур Херш өмнө бичихдээ, Израиль өршөөл энэрэлгүйгээр ХАМАС-ын цэрэг, улс төрийн зүтгэлтнүүдийн ар гэр, эцэг эх, хамаатан садныг мөрдөн мөшгөж байна гэсэн юм.
М.ЦОГТ