ХАМАС тохиролцоогоо зөрчсөн тул Израиль эвлэрэлийн хугацааг зогсоон, байлдааны ажиллагааг эхлүүллээ. Палестины талын мэдээгээр тулалдаан эхэлсний дараа Израилийн бөмбөгдөлтөөр 160 гаруй хүн амь үрэгдэж хохирлын тоо нэмэгдэж байна. Үүнтэй зэрэгцээд сөргөлдөгч талууд ба зуучлагчид шинэ тохиролцооонд хүрэхээр хэлэлцээр үргэлжилж буйг мэдээлж байна.
Эвлэрэлтийг тасласан нь
-
Баасан гаригийн өглөө Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн тамгын газраас Палестины хэт даврагчдын ХАМАС хөдөлгөөн барьцааны хүмүүсийг чөлөөлөх тохиролцооны нөхцлийг зөрчснөөс гадна Израилийн нутаг руу буудлаа гэж мэдээлэв.
-
Израилийн хамгаалалтын арми (ЦАХАЛ) бүрэн хэмжээний байлдааны ажиллагааг сэргээн Газын зурвасын хойд ба өмнөд хэсгийн түүний тоонд Хан-Юнис ба Рафахын районуудын хэт даврагчдын 200 цэгүүдэд цохилт өгөн бөмбөгдлөө.
-
Хүмүүнлэгийн завсарлагын дараа ХАМАС-ын зэвсэгт жигүүр "Иззэддин аль - Кассамын бригадууд" Израилийн Ашкелон, Сдерот, Беэр-Шева хотуудыг пуужингаар буудснаа мэдээлэв. “Исламын жихад” бүлэгч буудалтаа сэргээж буйг зарлав.
-
Ливаны хилийн байдал ч хурцатлаа. Ливаны өмнөд нутгаас шиитийн "Хезболла" намын зэвсэгт жигүүр Жель-эль-Алям район дахь Израилийн цэргийн постыг буудаж эхэлжээ.
Газын зурвас дахь байдал
-
Египетийн хил дээрх “Рафах” боомтоор хүмүүнлэгийн тусламж оруулж байсан нь зогссон тухай Reuters мэдээлэв.
-
Газын зурвасын Эрүүл мэндийн албанаас байлдаан эхэлсэн гурван цагийн дотор 32 хүн амь үрэгдсэнийг мэдээлэв. Хүмүүнлэгийн завсарлага зогссоны дараа нэг хоногийн дотор Газад 193 хүн үрэгдэж бараг 700 хүн шархаджээ.
-
Туркийн мэдээллийн Anadolu агентлагийн зураглаач бөмбөгдөлтөд өртөн амиа алдсан тухай тус агентлаг мэдээлэв.
Баруун эрэгт хийсэн гал
-
Израилийн хүчнийхэн арванхоёрдугаар сарын 1-ний шөнө Иордан голын баруун эрэгт явуулсан ажиллагааны явцдаа эрэн хайж байсан 15 палестин хүнийг баривчилжээ. Энэ үеэр талуудын хооронд буудалцаан гарсан байлаа.
-
Сөргөлдөөн хурцдаж эхэлсэн цагаас хойш Баруун эрэгт 2100 орчим палестинчуудыг Израиль барин саатуулаад байна.
Барьцаанд байгаа хүмүүс
-
Тель-Авив мэдээлснээр гал зогсоосон хугацаанд барьцаанд байсан 110 хүнийг чөлөөлсний 86 нь израильчууд, 24 нь гадаадын хүмүүс байв. Газын зурваст 126 израильчууд, 11 гадаадын хүн барьцаалагдсан хэвээр байгааг Израиль мэдээлэв. Тэдний дунд 4 настай ба 10 сартай хоёр хүүхэд байгаа ба тэднийг аль эрт нас барсан гэж ХАМАС хэлж байна.
Хэлэлцээр...
-
Байлдаан эхэлсэн ч сөргөлдөгч талууд гал зогсоох хэлэлцээрийг үргэлжлүүлж байна хэмээн зуучлагч болох Катарын ГХЯ мэдээлэв.
-
Шинэ завсарлагын тухай гаргасан хэд хэдэн санааг Теь-Авив хүлээн аваагүй гэж ХАМАС мэдэгдлээ.
-
Израилийн радио компани Kan еврейн улсын нэрээ нууцалсан албан тушаалтны хэлснээр еврейн улс “байлдааны гал дор ч хэлэлцээр” явуулна гэжээ.
Хүмүүнлэгийн завсарлага зогссоныг хэрхэн хүлээн авч байна вэ?
-
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен байлдааныг үргэлжлүүлэх “ногоон гэрлийг” Израильд өгсөн гэх санааг ХАМАС хөдөлгөөний Улс төрийн товчооны гишүүн Халиль аль-Хайя гарган хэлжээ. Газын зурвасын засгийн газар АНУ тэргүүтэй олон улсын хамтын нийгэмлэг Тель-Авивын үйлдлийн хариуцлагыг хүлээх ёстой гэж үзэж буйг тэр хэлжээ.
-
Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөл мэдээлснээр, Катар, Египет, Израилийн засаг захиргаатай АНУ ярилцан хүмүүнлэгийн завсарлагыг үргэлжлүүлэх боломжийг авч үзэж байгаа гэнэ.
-
Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху өөрийн ээлжит мэдэгдэлдээ Израилийн хүчин зорилготоо хүртэл урагшлах болно гэжээ.
-
Ираны Гадаад хэргийн сайд Хосейн Амир Абдоллахиян “оройтоогүй дээрээ” сөргөлдөөнөө зогсоохыг уриалаад “байлдааны ажиллагаагаар барьцааны хүмүүсийг суллахгүй” хэмээн тэмдэглэв.
-
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Тюрк эвлэрэлээ зогсоосныг сүйрэл гэж нэрлэв.
М.ЦОГТ