АНУ-ын дипломатч, Төрийн нарийн бичгийн дарга асан Хенри Киссинжер 100 насандаа таалал төгслөө. Тэрээр Коннектикут муж дахь гэртээ нас барсан бөгөөд түүний оршуулах ёслол гэр бүлийн хүрээнд болно хэмээн мэдээлжээ.
Хенри Киссинжер хоёр ч ерөнхийлөгчийн удирдлага доор ажиллаж, АНУ-ын гадаад бодлогыг тодорхойлоход ихээхэн хувь нэмэр оруулсан нэгэн юм.
Тэрээр өөрийн номыг хэвлүүлэх, Цагаан ордон дахь уулзалтуудад оролцох зэргээр идэвхтэй байсаар ирсэн. Энэ оны долоодугаар сард тэрээр Бээжинд гэнэтийн айлчлал хийж БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзсан байдаг.
Мөн тэрээр АНУ, Хятад улсын хооронд дипломат харилцаа тогтоох, ЗХУ, АНУ-ын зэвсгийн асуудалд хяналт тавих чухал яриа хэлэлцээ хийх, Израил болон түүний Араб хөршүүдийн хоорондын харилцааг өргөжүүлэх, Хойд Вьетнамтай Парисын энхийн гэрээ байгуулах зэрэг томоохон ажлыг гүйцэтгэж байсан юм.
Түүнд Вьетнамын дайныг зогсооход чухал үүрэг гүйцэтгэснийг нь өндрөөр үнэлэн 1973 онд Нобелийн Энх тайвны шагналыг хүртээж байжээ.