Их Британид төвтэй Оксфам төрийн бус байгууллагын явуулсан судалгаагаар Европын Холбооны хамгийн чинээлэг улсуудын ялгаруулдаг нийт хүлэмжийн хийн 10 хувь нь дэлхийн бусад хөгжиж байгаа болон буурай хөгжилтэй орнуудын нийт ялгаруулдаг хүлэмжийн хийн 50 хувьтай тэнцэж байна гэсэн тооцоолол байна.
Аж үйлдвэржсэн өндөр хөгжилтэй орнуудын өртөг ихтэй амьдралын хэв маяг, хэрээс хэтэрсэн тансаглал нь манай гарагийн экосистемийг сүйтгэж байна гэж тус байгууллагын шинжээчид дүгнэсэн байна.
Мөн хүн төрөлхтний хэзээ ч хангагдахгүй хэрэгцээний уршгаар уур амьсгал өөрчлөгдөж, хэт халж, үер, хөрсний гулгаа зэрэг байгалийн гамшиг ихээр болж, үүнд нь буурай орны иргэд хамгийн их өртөж байна гэж тайлбарласан байна.
Мөн энэ байгууллагын судалгааны дагуу 2100 он гэхэд хэт халуунаас үүдэж 70 орчим мянган хүн үрэгдсэн байна гэж тооцоолсон нь жил бүр дунджаар 900 хүн хэт халалтаас үүдэж амиа алдах эрсдэлтэй гэсэн үг юм. Улмаар энэ байгууллагаас Европын Холбоог жилийн 250 тэрбум еврогийн хуримтлал бүхий хөрөнгийн албан татварын сантай болохыг уриалж байгаа юм байна.
Хөрөнгийн албан татвараас төсөвт цугларсан мөнгийг бохирдол болон ядуурлыг бууруулах арга хэмжээнд зарцуулах ёстой гэж энэ байгууллага үзэж байгаа юм байна. Европын ногоон хөгжлийн гэрээний дагуу уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон зорилт дэвшүүлээд байгаа ч эдгээр зорилтод хүрэх санхүүгийн эх үүсвэр тодорхойгүй байгаа тул ийм сантай болох нь зүйтэй гэж шинжээчид тайлбарлаж байна. Тэгвэл байгаль орчны шинжээчдийн хийсэн өөр нэг судалгаагаар Европын Холбооноос гадна БНХАУ аж үйлдвэржсэн томоохон гүрний хувьд ялгаруулах хүлэмжийн хийгээрээ мөн дэлхийд толгой цохиж байгаа.
Тодруулбал, Хятадын ялгаруулах хүлэмжийн хийн хэмжээ 2030 он гэхэд оргилдоо хүрнэ гэсэн тооцоолол байна. Финландын Хелсинк хотод төвтэй Эрчим хүч, агаарын чанарын судалгааны байгууллагын шинжээчдийн үзэж байгаагаар Хятадын 2030 он хавьцаа ялгаруулах хүлэмжийн хийн хэмжээ 2020 оны үеэс 15 хувиар их байна гэж тооцоолж байна. Олон улсын зүгээс Хятадыг хүлэмжийн хийн ялгаруулалтаа багасгахыг анхааруулсаар байгаа ч Хятадын удирдлагууд нүүрс түлдэг цахилгаан станцууд шинээр барих төсөл хөтөлбөрүүдийг зөвшөөрч, дэмжсээр байгаа юм. Хятад улс 2021 онд эрчим хүчний нөөцийн дутагдалд орсон шигээ дахин ийм аюулд өртөхгүйн тулд эрчим хүчний хэрэгцээгээ хангах зорилгоор нүүрс түлдэг цахилгаан станцуудыг зөвшөөрсөөр байгаа юм байна.
Гэхдээ тус байгууллагын зарим шинжээчдийн үзэж байгаагаар Хятад улс 2030 он хүртэл нүүрсний хэрэглээгээ өндөр байлгах ч түүнээс цааш эрчимтэй бууруулж, сэргээгдэх шинэ эрчим хүчийг хангалттай хөгжүүлж чадна гэж харж байгаа юм байна. Ирэх долоо хоногт болох уур амьсгалын өөрчлөлтийн талаарх COP28 олон улсын чуулганы үеэр хэлэлцэгдэх хамгийн том сэдвүүдийн нэг нь Хятадын хүлэмжийн хийн ялгарал байх болно гэж ажиглагчид харж байна.
Тус чуулганаар мөн Франц болон АНУ-ын зүгээс нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг хувийн том компаниуд санхүүжүүлж хөрөнгө оруулахыг хориглох шийдвэр гаргах санал дэвшүүлэх төлөвтэй гэж Ройтерс агентлаг мэдээлсэн байна.
MNB.MN