Европын холбоо 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс үйлчлэх хоригийн багцдаа Оросын алмазыг оруулж байгаа тухай Bloomberg мэдээллээ.
Мөн үүнийхээ хажуугаар гурав дахь оронд засч янзлагдсан үнэт чулуунуудын импортод аажмаар хориг тавихаар шийдсэн гэжээ.
Хоригийн талаар гаргаж байгаа шинэ багцынхаа талаар ЕХ-ны орнууд энэ долоо хоногийн сүүлчээр ярилцах юм. Үнэт чулуунуудын хоригийн талаар саналууд нь өөрчлөгдөж ч магадгүйг агентлаг бас мэдээлжээ.
Хоригийн шинэ багцад ОХУ-д химийн бодис, литийн зай, термостат, дроны үйлдвэрлэлийн зориулалтын хөдөлгүүрүүд зэргийг нийлүүлэхгүй байхаар тусгасан байна.
Мөн нефтийнх нь нийлүүлэлтийг хатуу хянаж байхаар шийдэж байгаа гэнэ. Далайд нэг танераас нөгөөд нь нефтийг юүлэн гарлыг нь нуудаг цоорхойг ЕХ бөглөхөөр оролдох гэж байгаа нь энэ ажээ. Тэд мөн Оросын нефтийн үнийг нуухаар зарлагаа нэмдгийг хянах үүднээс энэ наймааны бүх бичиг баримтыг шалгаж байхаар шийдсэн гэнэ.
М.ЦОГТ