БНХАУ болон Австрали улс аюулгүй байдлын салбарт үл ойлголцол, саналын зөрүүтэй байгаа хэдий ч эдийн засгийн харилцаагаа сайжруулахаар тохирлоо. Хоёр орны харилцааны уур амьсгал таагүй үед Австралийн ерөнхий сайд Бээжинд айлчилсан нь бизнес хийхэд засгийн газрууд бие биедээ таалагдах албагүйн нотолгоо боллоо гэж шинжээчид бичиж байна. Учир нь энэ хоёр улс худалдааны хувьд бие биедээ чухал түншүүд байж ирсэн. 2020 оны байдлаар хоёр талын худалдааны эргэлт оргилдоо хүрч, Австралийн экспортын бараг 50 хувь нь Хятадын зах зээлд гарч байсан юм. Харьцуулбал, тухайн үед АНУ-ын нийт экспортын ойролцоогоор 9 хувь Британийн экспортын дөнгөж 5 хувь нь Хятадын зах зээлд зарагдаж байсан. Өнгөрсөн онд хоёр талын худалдааны эргэлт 299 тэрбум ам.доллар хүрсэн. Энэ бол улс төрийн хувьд санал зөрж болох ч худалдаа, эдийн засгийн талдаа харилцаа сайн байхаас аргагүйг харуулж байгаа тодорхой жишээ юм.
Австралийн ерөнхий сайдын Бээжинд хийсэн айлчлалын хүрээнд хоёр тал эдийн засаг, худалдаа, хүмүүнлэгийн харилцаагаа хэвийн болгох чухал тохироог энэ 7 хоногийн эхээр хийлээ. Австралийн ерөнхий сайд Албаниз сүүлийн 7 жилийн хугацаанд Хятадад айлчилсан Австралийн анхны ЕС боллоо. Долоон жил хүйтэн уур амьсгалтай байсан харилцааг худалдаа эдийн засаг, хүмүүнлэгийн салбаруудад дулааруулахаар талууд тохирч байна. Ингэснээр худалдааны хориг саадуудаа арилгаж, хоёр орны эрх баригчдын хооронд жил тутам болдог дээд уулзалтыг сэргээн, иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэхийн тулд олон удаа зорчих визний шинэ ангилал гаргахаар болж байна. Албанизын айлчлалын зорилго Хятад, Австралийн харилцаа хүйтэрч, Канберра Вашингтонтой цэрэг батлан хамгаалах салбарт харилцаагаа тэлж байгаа эгзэгтэй цаг үед болсон. Сүүлийн жилүүдэд Хятад, Австрали хоёр хүний эрхийн зөрчил, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн зэргээр бие биенээ буруутгаж, Австрали Ковид 19-ийн гарал үүслийн талаар Хятадад бие даасан мөрдөн шалгалт явуулахыг уриалснаар Бээжин Австралийн экспортын зарим төрлийн бараанд хязгаарлалт тогтоосон. Энэ хязгаарлалтад Австралийн 20 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн хамрагдсанаас арвай буудай, үхрийн мах, дарс, нүүрс, мод, хавч зэргийг дурдаж болно. Австралийн ЗГ солигдсоноор худалдааны чухал түнштэйгээ харилцаагаа сайжруулах алхамуудыг хийж эхэлснээр хятад улс ч хориг хязгаарлалтаа хэсэгчлэн цуцалж ирлээ. Австралийн ЗГ ын тэргүүн Албаниз өнгөрсөн онд Балид болсон Хорийн бүлгийн дээд уулзалтын үеэр Хятадын даргатай уулзсаныхаа дараа “бид яриа хэлэлцээ хийж, үр дүнтэй яриа хэлэлцээ хийж чадвал үр дүнд хүрнэ гэж мэдэгдэж байсан юм. Албанизын засгийн газрын нэн тэргүүний зорилт нь Хятадтай худалдааны харилцаагаа хэвийн болгоход чиглэж байгаа, энэ ч үүднээс тэрээр Хятадтай худалдаа хийх нь Япон, АНУ, Өмнөд Солонгос гурвыг нийлүүлснээс ч илүү үнэ цэнтэй гэдгийг ард иргэддээ сануулж ирсэн. Хятад нь Австралийн экспортын хамгийн том зах зээл бөгөөд худалдааны хамгийн том түнш нь.
БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян Харилцаа холбоог тэлж, яриа хэлэлцээ, улс төр, харилцан итгэлцлээ гүнзгийрүүлэн, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөтгөж, санал зөрөлдөөнөө зөв зохицуулж, манай хоёр улс болон Хятад, Австралийн ард түмэнд илүү их ашиг авчрах иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тогтвортой хөгжүүлэхэд Австралитай хамтран ажиллахад Хятадын тал бэлэн байна.
Австрали улсын ерөнхий сайд Энтони Албаниз “Бид ойр дотно байж, эдийн засаг, иргэд хоорондын харилцааг бэхжүүлэх нь биднийг одоо ч ирээдүйд ч чухал түншүүд болгож байна. Тиймээс манай хоёр орон чөлөөт, саадгүй худалдааг бүрэн сэргээх нь маш чухал юм. Мөн бид уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтол, хүнсний аюулгүй байдал, үндэстэн дамнасан гэмт хэрэг зэрэг нийтлэг сорилтуудыг шийдвэрлэхийн тулд хамтран ажиллах ёстой. Улс орнууд тусгаар тогтнолоо хүндэтгэж, олон улсын хууль, конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлж, энх тайван, тогтвортой, цэцэглэн хөгжсөн бүс нутгийн болон дэлхийн дэг журмыг бий болгох арга замыг яагаад хэлэлцэх ёстой вэ? Хаана геостратегийн өрсөлдөөн байна вэ, бид бүгд харилцан ярилцаж, ойлголцож байж үүнийг болгоомжтой зохицуулах ёстой. Австрали улс бүх улс орны нэгэн адил өөрийн ашиг сонирхол, үнэт зүйлсийг тууштай баримтлах болно” гэж онцоллоо.
Харин Хятадын хувьд Австрали яагаад чухал вэ. Австрали улс бол өөрийн давуу тал болгон ашиглах хөшүүрэгтэй тэр нь байгалийн асар их баялаг. Ер нь Хятад улс асар том, өсөн тэлж байгаа эдийн засгийнхаа эрэлтийг хангахын тулд түүхий эдийн хувьд Австралиас ихээхэн хамааралтай байсан, одоо ч хэвээрээ байгаа гэж олон улсын шинжээч бичсэн байна. тухайлбал төмрийн хүдэр, шингэрүүлсэн байгалийн хийг австралиас их хэмжээгээр авдаг. Эдгээр бүтээгдэхүүн мэдээж Бээжингийн хязгаарлалтад ороогүй.
Хятадын ард иргэд Австрали дарс, хавчгүйгээр амьдарч чадна харин ган үйлдвэрлэх,үйлдвэрүүдээ эрчим хүчээр хангах түүхий эдийн эх үүсвэрээ хангалттай бүрдүүлэх хүртлээ Австралид шаардлага тавиад сууж байх хүчтэй байр суурьтай биш гэдгээ Бээжин ойлгож байгаа гэдгийг олон улсын эдийн засгийн шинжээчид бичсэн байна. нөгөө талаар Бээжин Австралид эдийн засгийн болоод дипломат хязгаарлалт тавиад байхаар Канберраг Вашингтон руу хэт ойртуулахад нөлөөлж байна гэдгээ ойлгож байгаа.
Иймээс Бээжингийн Австралитай харилцаагаа хэвийн болгох шийдвэр Канберраг Вашингтоноос зайтай байлгахад чиглэсэн гэж үзэх талтай байна. Мөн Номхон далай дамнасан түншлэлийн иж бүрэн гэрээнд нэгдэн ороход Бээжин Австралийн дэмжлэгийг авах зорилготой байхыг ч шинжээчид үгүйсгэхгүй байна.
MNB.MN