Пакистан улсад энэ долоо хоногт агаарын бохирдол хэт их байгаагийн улмаас Пунжаб мужийн хүн ам шигүү төвлөрсөн бүсүүдийн сургууль, үйлчилгээний байгууллагуудыг 11-р сарын 9-өөс 11-р сарын 12-ны хооронд түр хаасан байна. Үйл ажиллагааг нь түр зогсоож байгаа газруудад эмнэлэг, эмийн сан, шүүхийн байгууллагаас бусад бүх сургууль, албан байгууллага, зоогийн газар, үйлчилгээний байгууллагууд багтаж байна.
Швейцарт төвтэй агаарын чанарыг хэмждэг байгууллагаас лхагва гаригт Пунжаб мужийн нийслэл Лахор хотод агаарын чанарын бохирдлын индекс 462 гарсан нь дэлхийн хэмжээнд агаарын чанар хамгийн аюултай түвшинд байгааг харуулжээ.
Пакистанд агаарын бохирдол нэмэгдэж байгаагийн шалтгаанд томоохон үйлдвэрүүд, барилгын ажлаас ялгарах химийн хорт утаа болон тоосонцор, мөн хүн ам хэт төвлөрсөн газруудын автомашинаас ялгарах химийн хорт бодис багтаж байна.