Аргентины Эдийн засгийн сайд бөгөөд эрх баригч намаас нэр дэвшигч Серхио Масса гэдэг БРИКС-т элсэх талыг баригч юм. Мөн түүнтэй өрсөлдөгч депутат Хавьер Милей Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд шалгарсан тухай Buenos Aires Times сонин мэдээллээ.
Сонгуулийн гүйцэтгэх хорооны мэдээлснээр, саналын хуудасны 96,87 хувийг тоолоход Масса 36,11 хувь, Милей 30,35 хувийн санал авч байгаа нь тодорхой болжээ.
“Хамтдаа өөрчлөлтийн төлөө” гэх сөрөг хүчний томоохон эвслийн нэр дэвшигч Аргентины Аюулгүй байдлын яамны сайд асан Патрисия Буллрич 23,69 хувийн дэмжлэг авсан байв.
Тус улсын хуулиар, сонгуулийн эхний шатанд ялалт байгуулахын тулд нэр дэвшигчдийн нэг нь 45 хувь санал авах ёстой. Гэхдээ хэн нэгэн 40 хувь санал аваад ойрын өрсөлдөгчөөсөө 10 хувиас илүү саналтай бол шууд ялж болдог байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагийн шатны санал хураалтыг арваннэгдүгээр сарын 19-нд товложээ.
Аргентины эдийн засгийн байдал хүнд байгаа ба оны эхний хагас жилд инфляци 50 хувь болсон ба оны эцэст 100 хувь хүрэх магадлалтай байгаа. Тус улсад ядуусийн тоо нэмэгдэн хүн амын 40 хувь нь хэрэглээний суурь хүнсний барааг авах мөнгөгүй болжээ. Үүнээс гадна Аргентин Олон улсын валютын санд олон тэрбум долларын өр төлөх ёстой. Энэ бүгдийн улмаас сонгуулийн санал хураалтад санал өгөх насны бүх иргэн оролцох хэрэгтэй болсон гэжээ.
М.ЦОГТ