"Гарын үсгийн хүч" ТББ-уудын эвслээс 2023 оны аравдугаар сарын 17-ны өдөр D-Parliament цахим хуудсанд НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг таван хувь болгон нэмэгдүүлэх саналыг УИХ-ын Даргын зүгээс байршуулсныг буруушаан эсэргүүцэж, өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлсэн байна.
Үүнд "D-Parliament цахим хуудас бол дарга нарт биш харин иргэдэд зориулж хуулийн төслийн ба бусад санаачилга гаргах, оролцоог хангах зорилготой "иргэний орон зай" гэдгийг хуулиар баталгаажуулсан байдаг.
Улсын Их Хурлын Дарга өөрийн үйлдлээрээ Үндсэн хууль, Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай, Хууль тогтоомжийн тухай хуулиудыг зөрчиж байна.
Мөн энэхүү үйлдлээрээ төрийн үйл хэрэгт оролцох иргэний эрхийг зөрчиж, иргэн төвтэй, чөлөөт ардчилсан нийгмийн үзэл санааг гуйвуулж байгаа төдийгүй сонгуулийн өмнө нэр төр олж авах гэсэн явцуу эрх ашгаар популизм хийж, улс төрд буруу жишиг тогтоож байна.
УИХ-ын гишүүн хууль санаачлах бүрэн эрхтэй. Энэ эрхээ хэрэгжүүлэхдээ Хууль тогтоомжийн тухай болон бусад хуулиа баримтлан ажиллахыг шаардаж байна. Өөр өөрсдийн талбартаа эзэн байцгаая" гэжээ.
"Гарын үсгийн хүч" ТББ-уудын эвсэлд:
Нийтийн эрхийн өмгөөлөл сүлжээ,
Захиргааны шинэ санаачилга ТББ,
Хүртэээмжтэй хөгжил хүлээлэн ТББ,
Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн,
Эко сэтгүүлчдийн сүлжээ,
Хууль судлал хөгжлийн төв,
Буудлын оршин суугчдын эрх ашгийг хамгаалах холбоо,
Шинэ суурьшил, Эрүүл аюулгүй орчин ТББ,
Наран ижий заяа,
Монголын байгаль эхийн аврал сан зэрэг ТББ-ууд багтсан байна.