Афганистан улсад өнгөрсөн бямба гаригт 6,3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Байгалийн гамшгийн улмаас 2053 хүн амь насаа алдаад байна. Энэ гамшигтай тэмцэхэд Афганистаны Талибаны засгийн газрын хүч нөөц хүрэлцэхгүй байгаа учир олон улсаас тусламж үзүүлэхийг хүсчээ.
Талибаны засгийн газрын мэдээлснээр гамшигт олон тооны барилга байгууламж нурсан, нуранги дороос хүмүүсийг аврахад олон улсын болоод дотоодын байгууллагуудын тусламж нэн шаардлагатай байгаа юм байна. Газар хөдлөлтийн голомт болсон Херат зэрэг мужид нуранги дороос хүмүүсийг аврах эрэн хайх ажиллагааг явуулж, амьд мэнд үлдсэн хүмүүст байгаа бүхнээрээ туслана гэдгээ Талибан хөдөлгөөн амлажээ.
Харин олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд Афганистаны баруун бүс нутагт алслагдмал газар нутагт болсон байгалийн гамшгаас амьд үлдсэн хүмүүс тусламж авч чадах эсэх дээр ч ихээхэн санаа зовниж байна. Афганд хүрэх тусламж Талибаны эмэгтэйчүүдийн эсрэг хатуу бодлогоос шалтгаалж саатах эрсдэлтэй гэж шинжээчид үзэж байна.
Гамшгаас өмнө НҮБ-ын тооцоолсноор хүнсний болон бусад бараа таваарын хомсдолоос шалтгаалж Афганы хүн амын гуравны хоёрт нь хүмүүнлэгийн тусламж нэн шаардлагатай байсан юм.