Сүүлийн 10 гаруй хоногт гэхэд 13 настай охин сургуулийнхаа өмнө гарцан дээр машинд мөргүүлж амиа алдсан, Дорнод аймагт 7 настай хүү хойд эцгийнхээ гарт амиа алдсан, бага насны 3 хүүүхэд ээжтэйгээ хамт угаартаж нас барсан, 5-7 настай эгч дүү хоёр орон сууцны 9 давхраас унаж амиа алдсан гээд сэтгэл сэртхийлгэм аймшигтай осол, гэмт хэргүүд гараад байгаа. Энэ бүхний буруутан нь томчууд, эцэг эхчүүд, төрийн байгууллагуудын хайхрамжгүй байдал шүү гэдгийг УИХ-ын дарга өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаан дээр мэдэгдсэн. Мөн Хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомжоо эргэж харах, хэрэгжилтийг хангах, хүүхдийг сургуулийн орчин, гэр бүлийн орчинд хамгаалах тогтолцоог бий болгох, хариуцлагыг чангатгах асуудлаар саналаа боловсруулж орж ирэхийг холбогдох яам, Хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудад үүрэг болгосон.
Энэ дагуу өнөөдрийн чуулганаар хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой дээрх сэдвийг эхний асуудал болгон хэлэлцүүлсэн билээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд асуудал хариуцсан Засгийн газрын сайд, хүүхдийн эрхийг хамгаалах төрийн болон ТББ-ын удирдлагууд оролцов. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар:
-"Гудамж талбайн гэрэлтүүлэг, камержуулалтыг иргэд, хүүхдийн аюулгүй байдлыг хангах түвшинд хийх хэрэгтэй. Сургуулийн автобусны хүрэлцээг сайжруулах, сургалтын хөтөлбөрт гэр бүл, хүүхэд хамгааллын талаар мэдлэг олгох агуулгыг багтаах шаардлагатай. Хүүхэд залууст багаас нь өөрийгөө болон үе тэнгийнхнээ хамгаалах мэдлэгийг олгох ёстой" гэв.
Өнөөдрийн хэлэлцүүлгээс,
-Барилгын яаманд цонхны стандарт, хамгаалалтыг шинэчилж баталгаажуулахыг үүрэг болгож,
-Хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой хуулийг чангатгахаа зарлалаа. Товчхондоо УИХ хүүхдийн эрхийг асуудлыг дангаар нь авч хэлэлцсэн бараг анхны тохиолдол болов.
Гэвч чуулганы хуралдааны үеэр БШУ-ы саяд Л.Энх-Амгалангийн хэлсэн үг гишүүдийг багагүй бухимдуулав. Сайдын хэлсэн "Ниргэсэн хойно хашгирав гэж, ганц хоёр өдрийн сенсаац хийгээд орхидог, загасны ой санамжтай баймааргүй байна. Сургуулийн орчинд хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудал бий. Гэхдээ бүх бурууг сургууль, багш руу чихдэг баймааргүй байна" гэсний хариуд УИХ-ын дарга Г.Занданшатар:
-"Боловсролын сайд юу яриад байна. Хүүхдүүд үхэж байхад бид дуугүй суух ёстой юм уу. Ард түмний төлөөллийн байгууллага дотоод гадаад ямар ч асуудлаар байр сууриа илэрхийлэх ёстой. Хүүхдүүд үхээд байна. Хаана хаана чинь ажил болохгүй байна, харанга дэлдэж байна" хэмээн дуугаа өндөрсгөлөө.