Өнгөрөгч 7 хоногт Азербайжаны эрх баригчид салан тусгаарлагч Уулын Карабахын нутагт тусгай ажиллагаа явуулж, салан тусгаарлах үзэлт бүлгүүдийг буулган авсан. Улмаар 30 гаруй жилийн туршид салан тусгаарлах засаглалтай явж ирсэн Уулын Карабахыг Азербайжаны бүрэлдэхүүнд “эргэн нэгтгэх” яриа хэлэлцээг мөн эхлүүлсэн гэж мэдэгдэж байгаа.
Ингэхдээ Азербайжаны эрх баригчид энэ нутаг дахь Армян үндэстнүүдийн эрхэд хүндэтгэлтэй хандахаа амлаж, 10 сарын турш үргэлжилсэн бүслэлтийн байдлаас нь гаргаж, хүнс бусад бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг сэргээсэн гэж мэдэгдэж байна. Гэсэн хэдий ч эндэхийн Армян иргэд үндэсний цэвэрлэгээ, хавчлага шахалтаас болгоомжлон олноороо Армян рүү дүрвэн гарч эхлээд байгаа юм байна. Даваа гарагийн оройн байдлаар гэхэд Уулын Карабахаас 6650 хүн Армян руу дүрвэн гарсан. Ням гарагт энэ тоо 1000 орчим байсан гэдэг мэдээллийг Армений засгийн газар өгч байна. Уулан Карабахын районд үндсэндээ 120 мянга гаруй армян үндэстэн оршин амьдардаг байна.
Уулын Карабах дахь Армен үндэстний удирдагчдын тухайд өөрсдийн нэрлэдгээр Арцах гэгддэг энэ нутгийг орхин явахыг хүссэн сүүлийн Армени хүн явтал эндээ үлдэх болно гэж мэдэгджээ. Үүний зэрэгцээ Уулын Карабахын гол хот Степанакерт хотод өчигдөр шатахуун түгээгүүрийн станцад дэлбэрэлт болсны улмаас 200 гаруй хүн хүндээр шархадсан гэдэг мэдээллийг эндэх Хүний эрхийн омбудсмен Гехам Степанян твиттер хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. Дэлбэрэлтийн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа юм байна.
Энэ зуур Армений Ерөнхий сайд Пашиняныг, засаг төрийн бусад удирдагчдаа огцрохыг шаардсан хүмүүс нийслэл Ереваны төв талбайд сүүлийн хэдэн өдрийн турш жагсаал хийж байна. Өчигдөр мөн Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев Туркийн Ерөнхийлөгч Рэжеп Таип Эрдоганыг нутагтаа хүлээн авсан байна. Туркийн Ерөнхийлөгч өмнө нь НҮБ-ын Ерөнхий ассамблей дээр Уулын Карабахыг бүрэн хяналтдаа авсан гэж мэдэгдэж байгаа Азербайжаны үйлдлийг илтэд дэмжсэн байр сууриа илэрхийлж байсан. Гэхдээ өөр бусад олон улс орон Азербайжаны Уулын Карабахт явуулсан цэргийн ажиллагааг буруутгаж, тэнд аж төрдөг Армени иргэдийн хувь заяанд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлж байна. Өвөр Кавказын уулархаг бүс дэх Уулын Карабах нь олон улсад Азербайжаны нэг хэсэг гэж тооцогддог боловч сүүлийн 30 гаруй жилийн туршид эндхийн Армени үндэстнүүд засаглаж ирсэн. Армени улсаас дэмжлэг авдаг, мөн Оросын энхийг сахиулагчид байрладаг газар нутаг юм.
Монголын мэдээ агентлаг