Холливудын алдарт жүжигчин Анжелина Жоли “Atelier Jolie” хэмээх шинэ брэнд гаргахаа зарлалаа.
Тэрээр өчигдөр өөрийн инстаграм хуудсандаа энэ тухай мэдээлжээ.
“Atelier Jolie бол дэлхий даяарх авьяаслаг, өөрөөр сэтгэгч гар урлаачид, загвар зохион бүтээгчид болон мэргэжлийн экспертүүд хамтран ажиллаж болох шинэ талбар юм” хэмээн бичжээ.
Брэндийн вэб хуудсанд “Цаг хугацааг үл хамаарах урлаг ба тансаг зэрэглэлийн хувцас дизайн” гэсэн уриаг нийтэлсэн байна.
Алдарт жүжигчин маань энэ брэндээрээ дамжуулж он удаан жил өмсөх чанартай, загварлаг хувцас бүтээснээр эх дэлхийн хэвлийг сүйтгэж буй сая сая тонн хувцасны хог хаягдлыг бууруулахад өөрийн хувь нэмрээ оруулна хэмээн итгэж байгаа гэнэ. Энэ ч утгаараа сүүлийн жилүүдэд тэрээр өөрийнхөө болон хүүхдүүдийнхээ загварын сонголтоор дамжуулан үнэнч фенүүддээ “Дахин боловсруулсан материалаар хийгдсэн хувцас ба хуучин хувцсаа эргэн өмсөх нь ухаалаг сонголт юм” хэмээн уриалж ирсэн билээ.