УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байна. Сонгогдсон тойрогтоо ажиллаад ирсэн гишүүдийн олонхи нь "Иргэд дэмжихгүй байна, Илүү олон хууль зөрчигчтэй болохоос айж байна" гэдэг тайлбарыг хийж эхлээд байгаа билээ. Энэ талаар ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд чуулганы хуралдаанд байр сууриа илэрхийлэв.
Т.Доржханд:
-Судлаачдын зүгээс гишүүдийн тоог 150-155 байх нь хамгийн тохиромжтой гэсэн тооцоолсон. Яагаад гэвэл 2040 он гэхэд манай улсын хүн ам таван сая, 2050-2060 онд 10 сая болно. Хүн ам нэмэгдэх болгонд Үндсэн хууль өөрчлөх жишиг тогтоочих гээд байна.
УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллахад иргэдийн зарим нь 152 хангалттай гэсэн бол нөгөө хэсэг нь их байна, цөөнх нь 76 нь болно гэсэн байдлаар саналаа илэрхийлсэн. УИХ-д суудалтай гурван намын удирдлагууд тооны асуудлаар нухацтай ярилцсан. Ардчилсан Намаас гаргасан саналыг дэмжиж, 126 болгохоор хэлэлцэж байгаа. 126 гэдэг тооноос буулгавал өөрчлөлт хийгээд ч нэмэргүй. Бодлого, хөгжил ярих ямар ч боломжгүй. Дараагийн хэлэлцүүлгийн үеэр тооны асуудал дахиж сөхөгдвөл ХҮН намын зүгээс хүлээж авахгүй" гэв.