УИХ-ын пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нэгэн "нүд бүлтийж, чих дэлдийм" санал дэвшүүлэв.
Тодруулбал, "Архангай аймгийн иргэдтэй уулзлаа. Дийлэнх иргэд гишүүдийн тоо багадаагүй, нэмэхийг дэмжихгүй гэж байна. Гишүүдийн тоог нэмсэнээр хууль үйлчилдэггүй гишүүд олон болчих вий гэсэн болгоомжлол байна. Бид 2012 оны алдааг давтаж болохгүй. Жагсаалтаар сонгогдох нэр дэвшигчдийн нийгмийн сегментийн төлөөллийг хатуу хуульчлах ёстой.
Эмэгтэйчүүдийн төлөөллийг 40-50 хувь, 35 хүртэлх насны залуусын төлөөллийг 10-20 хувь мөн ахмад настныг гээд оруулах шаардлагатай. Бизнес эрхлэгч, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, малчин, гадаадад амьдардаг хүмүүсийг жагсаалтад оруулах ёстой гэх агуулгыг Үндсэн хуульд тусгах ёстой" гэв.
Нэгдүгээрт, ингээд Үндсэн хуульд бүх юмаа чихээд байх юм бол Сонгуулийн хууль ч ямар хэрэгтэй юм.
Хоёрдугаарт, намын жагсаалтад бичигдэх хүмүүсийг Үндсэн хуульд бичих ёстой юм бол намын жагсаалт гэж байгаад ч яах юм. Ерөөсөө улс төрийн намын ч хэрэг юу байна.
Тэгээд хамгийн гайхалтай нь мань хүн ерөөсөө сонгуулийн тогтолцоо, түүний зарчмыг огт ойлгоогүй бололтой. Сонгуулийг пропоциональ систем нь гадаадад суугаа Монгол Улсын иргэдийн сонгох эрхийг хангадгаараа давуу талтай болохоос биш, сонгогдох эрхийг хангахад чиглээгүй. Ингэхэд энэ тухай Г.Тэмүүлэн гишүүн хэлэх гэж хэлэв үү, хэл хальтрав уу?