Өнөөгөөс 54 жилийн өмнө Кремлийн ханын дэргэд “Нэр нь үл мэдэгдэх цэргийн булш” нэртэй дурсгалын уран барилгын цогцолбор нээгдэн мөнхийн зулыг бадамлуулжээ.
Агуу их орны дайнд амь үрэгдэгчдийн дурсгалд зориулагдсан бамбар асаах санааг дайнд оролцогч бөгөөд Щекины химийн үйлдвэрийн дарга Сергей Жобазе гарган, Ялалтын баярын өмнө буюу 1955 оны тавдугаар сарын 6-нд Тула мужийн Щекины районы Первомайский сууринд асаасан байсан нь Мөнхийн галын урьдатгал нь болсон байв.
Тэр зулын галыг нэр нь тодроогүй зөвлөлтийн дайчдын шарилын үлдэгдлийг дахин нутаглуулсан булшны ойролцоо асаасан байв. Тэр булшин дээр бетоноор таван хошууны дүрс бүхий хөшөө босгосон байна. Энэ санаачлагын дараа Агуу эх орны дайнд зориулагдсан дурсгалын цогцолборуудад Мөнхийн гал асаах санаачлага Зөвлөлтөд газар авсан юм.
1957 онд анхны мөнхийн галын бууринд “Гашуудаж буй дайчин” гэсэн дурсгалын цогцолборыг босгожээ. Кремлийн ханын дэргэд “Нэр нь үл мэдэгдэх цэргийн булшин” дээр асч байгаа Мөнхийн зулыг 50 жилийн өмнө, 1967 оны тавдугаар сарын 8-нд асааж байж.
Дурсгалын цогцолборын нээлтэд зориулсан бамбарыг болд хайлуулагч Митрофан Жуковский Кировын үйлдвэрийн (өмнө нь "Путиловын завод", "Улаан Путиловец") мартенийн №1 зуухнаас асаасан байна.
Жуковский том “халбагаар зуухнаас металын хайлмагийг шалан дээр асгасны дараа хүндэт харуулын салааны нэг цэрэг тэр металлын хайлшнаас бамбарыг асаасан байна. Дараа нь өөр нэг цэрэг тэр бамбараас “сарьсан багваахай” гэгдэх керосины дэнлүүг асаав. Үүний дараа ёслолын цуваа галыг Марсын талбайд авчран дэнлүүнээс Мөнхийн галыг асаажээ.
Үүнээс 10 жилийн дараа Марсын талбайн мөнхийн галаас Москвад авчран Нэр нь үл мэдэгдэх цэргийн булшны Мөнхийн галыг асааж байжээ.
Бүх ард түмний хэмжээний энэ чухал дурсгалын цогцолборыг Кремлийн ханын дэргэд Александровын цэцэрлэгт 1966 онд босгосон юм. Нэр нь үл мэдэгдэх цэргийн шарилын үлдэгдлийг 1941 оны цус урсгасан тулалдаан болж байсан Ленинградын засмал замын 41 дэх км-т байгаа нийтийн булшнаас авчран цогцолборт нутаглуулжээ.
Нэр нь үл мэдэгдэх цэргийг нутаглуулах ёслолын арга хэмжээ 1966 оны арванхоёрдугаар сарын 3-нд явагдсан байна. Улбар шарга-хар туузаар чимэглэгдсэн авсыг их бууны байлдааны суурь дээр байрлуулан Крюково станцаас Кремль хүртэл хүндэт харуул, цэргийн үлээвэр хөгжмийн хамтлаг дагалдан хүргэжээ.
Мөнхийн галыг 1967 онд Марсын талбайгаас Москвад хийн бамбарын тусламжтайгаар авчирчээ.
“Нэр нь үл мэдэгдэх цэргийн булш” дурсгалын уран барилгын цогцолборыг Кремлийн ханын дэргэд Александровын цэцэрлэгт 1967 оны тавдугаар сарын 8-нд нээсэн юм.
Мөнхийн зул асаах ёслолд Зөвлөлтийн баатар Алексей Маресьев, Григорий Мусланов, Иван Тенищев нар оролцов. Бамбраас мөнхийн галыг ЗХУКН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Леонид Брежнев асаасан байлаа.
Оросын Ерөнхийлөгчийн 1997 оны арванхоёрдугаар сарын 8-ны зарлигаар Москва дахь “Нэр нь үл мэдэгдэх цэргийн булш” дээрх мөнхийн зулын дэргэд Ерөнхийлөгчийн хорооны бүтцээс байнгын хүнтэт харуул зогсоох болсон байна. Хүндэт харуул өдөр бүр өглөөний 08:00 цагаас оройн 20:00 цагийн хооронд цаг тутам солигдож байдаг.
ОХУ-ын ард түмний түүх, соёлын өвийг хадгалах тухай Оросын Ерөнхийлөгчийн 2009 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийг зарлигаар “Нэр нь үл мэдэгдэх цэргийн булш” цогцолборт Бүх үндэстний цэргийн алдарын статус олгон Оросын ард түмний онцгой үнэтэй соёлын өвийн байгууламж болгосон байна.
Цэргийн булшны зүүн талд ягаавтар хүрэн кварцаар ханан хөшөө босгон түүн дээр “Эх орныхоо төлөө амь үрэгдэгсэдэд. 1941–1945" гэсэн үсгийг сийлжээ.
Нэр нь үл мэдэгдэх цэргийн булшны баруун талд Кремлийн ханын дагуу хүрэн улаан чулуун блокууд байгуулжээ.
Эдгээр блокууд дор Агуу эх орны дайны баатар хотууд Ленинград, Киев, Минск, Сталинград, Севастополь, Одесса, Керчь, Новороссийск, Мурманск, Брестын цайз, Тула, Смоленск зэрэг бусад хотуудын газар шороо хадаглагдаж байгаа. Блок бүрд хотын нэрийг сийлж, баатрын “алтан таван хошуу” медалийн дүрсийг хөөлгөн хийсэн чимэглэлтэй.
Нэр нь үл мэдэгдэх цэргийн булшны тагийн хавтан дээр цэргийн дуулга малгай, лаврын модны мөчир байлдааны туг дээр байгаа зохиомжтой.
Мөнхийн зулын дэргэд "Имя твое неизвестно, подвиг твой бессмертен" буюу "Чиний нэр мэдэгдэхүй, чиний гавъяа мөнхийн" гэсэн үгийг металл үсгээр шигтгэсэн байна.
М.ЦОГТ