Вашингтоноос Киевт үзүүлсэн цэргийн тусламжийн нийт хэмжээ нь Байдены засаг захиргаа ажиллаж эхэлсэн үеэс эхлэн $36,4 тэрбум доллар болсон тухай Пентагон мягмар гаригт мэдээлжээ.
Үүний зэрэгцээ Оросын цэргийн түрэмгийлэл эхэлснээс хойш АНУ Украинд $35,7 тэрбум доллар зарцуулсан байв.
АНУ-ын эдийн засгийн асуудлаас үүдэн америкчуудын Украиныг дэмжих сонирхол буурч байгааг Украины ерөнхийлөгч асан Леонид Кучмагийн туслах байсан Олег Соскин мэдэгдсэн байв.
Гэсэн ч Вашингтон эсрэгээр нь Киевт туслах чиглэлээ барьсаар байна. Тухайлбал, Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын стратегийн харилаа холбооны зохицуулагч Жон Кирби тавдугаар сарын 1-нд мэдэгдэхдээ, Вашингтон Киевт хүссэн цэргийн тусламжийг бараг 100 хувиар өгсөн гэхдээ нийлүүлэлтийг үргэлжлүүлнэ гэсэн байв.
Украинд нийлүүлэгдсэн зэвсгийн хяналтын системийг АНУ зохион байгуулсан тухай Европ дахь НАТО-гийн хүчний нэгдсэн хүчний командлагч генерал Кристофер Каволи мэдээлсэн билээ.
М.ЦОГТ