Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Лондон хотын Вэстминстерийн сүмд ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хаан гуравдугаар Чарльз болон Хааны хатан Камилла нарыг хаан сэнтийд залах төрийн ёслолд оролцлоо.
Монгол Улсын Төрийн тэргүүн ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хааны урилгаар хаан сэнтийд залах төрийн ёслолд анх удаа оролцож байгаа юм.
Энэхүү үйл ажиллагаа нь 1000 гаруй жилийн өнө эртний түүхтэй өвөрмөц зан үйл бүхий төр, шашин, соёлыг хослуулсан ёслол бөгөөд Хаан гуравдугаар Чарльз 1066 оноос хойш Вэстминстерийн сүмд хаан сэнтийд заларч буй 40 дэх хаан болж байна.
Хаан сэнтийд залах ёслол Лондон хот дахь Вестминстерийн сүмд үргэлжилж буй юм. Төрийн ёслолд гадаадын улс орны төр, засгийн тэргүүн болон өндөр дээд түвшний 2000 гаруй төлөөлөгч оролцсон юм.
Дашрамд, Монгол Улсын Ерөнхийлөгч Цог Жавхлант Хаан гуравдугаар Чарльзтай уулзаж, Монголын ард түмний нэрийн өмнөөс Хааны гэр бүл болон Британийн ард түмэнд баяр хүргэнэ.