Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Хууль зүйн үндэсний хүрээлэнг Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнтэй нэгтгэх болсонд тодорхой түвшинд саналын зөрүүтэй байдал үүсээд байна.
Тэгвэл “Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар дараах тайлбарыг хийлээ.
Тэрээр "Хууль зүйн үндэсний хүрээлэнг яамны дэргэд байсныг Улсын Их Хурлын дэргэд болгож статусыг нь дээшлүүлж байгаа асуудал. Мөн хууль тогтоомжийн тухай хуулийн 49.1-т зааснаар хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх байнгын тогтолцоо бүрдүүлж, холбогдох бүтцийн нэгжийг Улсын Их Хурлын дэргэд ажиллуулна гэж заасан.
Мөн хуулийн 49.2-т Улсын Их Хурлаас хийх хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналт шинжилгээг Улсын Их Хурлын холбогдох байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газар хамтран хэрэгжүүлэх бүтцийн нэгжтэй байна гэж заасан. Иймд Хууль зүйн үндэсний хүрээлэн Улсын Их Хурлын дэргэд ажиллана гэсэн агуулгаар тогтоолын төсөл батлагдаж байна. Гуравдугаарт, хууль тогтоомжийн үнэлгээ хийх асуудал үндсэндээ хаягдсан.
Өөрөөр хэлбэл, хэлний жигдрэлт, хуулийн хийдэл, давхардал, зөрчил дутагдалтай байгаа. Тэр бүү хэл зарим яам, тамгын газрууд Хууль зүйн үндэсний хүрээлэнг авах гэж санаархдаг болсон. Ийм учраас Хууль зүйн үндэсний хүрээлэнг хамгаалж, Улсын Их Хурал дэргэдээ авч байгаа юм. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн институцийг хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлж, Улсын Их Хурлын дэргэд ажиллуулна. Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх онцгой бүрэн эрх Улсын Их Хуралд хадгалагддаг" гэсэн юм.