УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлд багш нарыг дэмжих асуудал хэрхэн тусгагдсан талаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням мэдээлэл өглөө.
Тэрээр "Боловсролын салбарын багш нарын орон байрны асуудлыг төрөөс дэмжинэ гэж хуулийн төсөлд зааж өгсөн. Өмнө нь ийм дэмжлэг байгаагүй. Боловсролын салбарт ажиллаж байгаа багш болон ажилтан албан хаагчийн нэг хүүхдийг үнэ төлбөргүйгээр төрийн өмчийн сургуульд сургах заалт хуулийн төсөлд орж байгаа. 15 жилээс дээш ажилласан байх хэрэгтэй.
Орон нутагт багшлах боловсон хүчний дутагдал их байна. Сум, дүүрэг, тосгонд ажиллаж буй багш нарт таван жил ажилласны дараа нь зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал олгоно. Энэхүү урамшуулал цаашид гурван жил тутамд олгогдох юм" гэдгийг хэллээ.