Засгийн газраас боловсруулсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ.
Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Үндсэн хуулийн цэцийн 2022 оны нэг, хоёрдугаар тогтоол гарсантай холбогдуулж УИХ-ын 54 дүгээр тогтоол гаргасан. Мөн 34 дүгээр тогтоолыг баталсан. 34 дүгээр тогтоолын хувьд зөвлөлдөх санал асуулга явуулах тухай юм. УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хяналт тэнцлийг хангах, дэвшилтэт сонгуулийн системийг судалж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулахыг 54 дүгээр тогтоолоор УИХ-аас Засгийн газарт даалгасан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар явуулсан зөвлөлдөх санал асуулгын хүрээнд олон санал гарч ирсэн. Засаглалын хэлбэр, шүүх эрх мэдэл гэх мэт. Эдгээр асуудлыг бүгдийг нь хөндөнө гэвэл томоохон өөрчлөлт хийх, олон нийтийг талцуулах хэлбэр рүү орох байсан юм. Иймд эхний ээлжид баримталж буй хоёр тогтоол, журмынхаа хүрээнд тоо, тогтолцооны асуудлыг хөндөхөөр болсон. Харин дараагийн парламент илүү олон талын төлөөлөлтэйгөөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг өргөжүүлэн хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн.
1992 онд УИХ-ын гишүүн 23 мянган иргэнийг төлөөлөхөөр 76 гэдэг тоо гарч ирсэн. Харин өнөөдрийн статистикаар Монгол Улсын хүн ам 3.4 орчим сая байгаа нь нэг гишүүн 45 мянга орчим иргэнийг төлөөлж байна" гэв.
Сэтгэгдэл (1)