Засгийн газрын хуралдааны даар Сангийн сайд Б.Жавхлан гаргасан шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр "цалин, тэтгэвэр нэмэгдэх" боломж байгаа эсэх сэтгүүлчийн асуултад хариулав.
Тэрээр "Цар тахлын жилүүдэд төсвийн боломжоос шалтгаалан цалин, тэтгэвэр нэмэгдээгүй. Өнгөрсөн жил эхний ээлжид тэтгэврийг тодорхой хэмжээгээр нэмсэн. Цалин сүүлийн гурван жилд нэмэгдээгүй. Цалингийн хувьд хэмжээнээсээ илүү бодлогын тохиргоо хийх нь хамгийн чухал. Сүүлийн 10 жилийн хугацаанд салбар бүр өөрсдийн салбар хуульдаа өөрчлөлт оруулж, цалин нэмэгдүүлэх бараг уралдаан явсан. Хэн хүчтэй лобби хийж чадах вэ гэдэг зүйл болсон.
Өөрөөр хэлбэл, ХНХЯ-ны төсвийн бодлогоор дамжих төрийн албаны нэгдсэн цалингийн бодлого алдагдсан. Тиймээс хуулийн зохицуулалт хийж, нэгдсэн байдлаар төрийн албан хаагч нарын цалингийн бодлогыг ХНХЯ тогтвортой авч явах өөрчлөлтийг хийх нь хамгийн чухал болоод байна. Х.Булгантуяа сайдын онцгой анхаарах ажил энэ.
Сүүлийн гурван жилд цалин нэмэгдүүлэх ажил хоцроод байгаа ч төсвийн боломжоо харж байгаад зохицуулалтаа хийнэ. Төсвийн тодотгол хийж цалин нэмэгдүүлнэ гэж ярих нь эрт байна. Төсвийн орлого биелэхгүй, онцгой нөхцөл байдал үүсээд зардлаа нөхөж чадахгүй болох үед төсвийн тодотгол хийгддэг" гэлээ.