Балтын тэнгисийн эрэгт оршдог Литва улс өнгөрсөн бямба гаригт эрчим хүчний сүлжээгээ анх удаа ОХУ-ын шугамаас салгаж, бүрэн өөрийн хүчин чадлаар ажиллуулж туршжээ.
Хагас өдөр буюу нийт 10 цаг орчим үргэлжилсэн туршилт амжилттай болсон байна. Цаашид Оросын нийлүүлэлтээс хамааралгүй ажиллах боломжтой гэдгийг эрчим хүч түгээлтийн Litgrid компани туршилтын дараа зарлажээ.
Литвийн Ерөнхий сайд "Бид Европын сүлжээнд холбогдох тэр өдрийг ойртуулах маш чухал алхмыг хийлээ" хэмээн цахим хуудсандаа бичжээ.
Хаин Эрчим хүчний сайд Дайниус Крейвис "Эрчим хүчний хараат бус байдалд хүрэх том алхам" гэж онцолжээ.
Литва улс нь Европын Холбоо болон НАТО-гийн гишүүн бөгөөд баруун Европын эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдох юм байна. Ийн тус улс эрчим хүчний хэрэгцээгээ өөрийн дотоод эх үүсвэр болон Польш, Швед улсуудын нийлүүлэлтээр бүрэн хангах юм байна.
Дашрамд, Балтын тэнгисийн Литва, Латви, Эстони гурван улс Зөвлөлт Холбоот Улсын үед байгуулагдсан "Брелл" нэртэй эрчим хүч түгээх цагаригт ОХУ болон Беларусийн хамт холбогддог аж. Эдгээр улсууд 2025 он гэхэд ОХУ-ын эрчим хүчний сүлжээнээс гарах төлөвлөгөөтэй байгаа. Харин туршилт амжилттай болсноор Литва улс хугацаанаасаа эрт гарч магадгүй байна.