Өнөөдөр төр нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилалын алтан хараацай Санжаасүрэнгийн Зориг агсны төрсөн өдөр тохиож байна. Энэ өдөр монголын ард түмэн талийгаачийг хүндэтгэн дурсаж хөшөөнд нь цэцэг өргөдөг уламжлалтай.
Өнөөдөр С.Зориг агсны төрсөн дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Тэрээр С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял эдэлж байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар дараах мэдээллийг өглөө.
УИХ-ын гишүүн асан С.Оюун "Өнөөдөр миний ах Санжаасүрэнгийн Зориг 61 нас хүрэх байсан. Энэ өдөр Зориг сан болон найз нөхдүүд нь цэцэг өргөж байна. Харамсалтай нь энэ өдөр төрсөн өдөр гээд тэмдэглэдэг байх байсан ч хэргийн талаар ярьдаг. Өчигдөрийн мэдээг сонссон. Би өөрөө монголд биш гадаадад ажиллаж, амьдарч байгаа. Та бүхэн мэдэх байх. Цөөхөн хэдэн хоногоор ирсэн байгаа. Алсаас сонссон, уншсан. Би бол хэргийг хэрэгсэхгүй болгосныг зөв гэж бодож байгаа. 2016 оны арван сард байх. Энэ хэрэг шүүх рүү явах болж байгаа, хэргийн материалтай танилцаж болноо гэхэд анх удаа танилцаж байсан. Би анхнаасаа огт итгэл үнэмшилгүй байсан. Түүнийгээ ч хэлж байсан. Энэ хэргийн бүх материалыг төрийн нууцад авсан, дээрээс нь шүүх хуралдаан хаалттай явагдсан. Манай гэр бүлийн зүгээс эсэргүүцээд оролцоогүй. Эргэлзэж байгаагаа хэлж байсан. Хамгийн гол нь төрийн нууц гээд яагаад үнэмшихгүй байгаагаа хэлж болдоггүй байсан. Тэр үед тусгай хяналтын дэд хороонд хүртэл энэ хэргийг нууцаас гаргах ёстой гэж удаа дараа шаардаж байсан. Харамсалтай нь гурван шатаараа яваад, батлагдаад энэ хүмүүсийг шоронд орсныг хэлмэгдсэн гэж боддог. Нууцаас гаргах асуудлыг засаг хийх хэрэгтэй. Ц.Нямдорж ч хэлж байсан, нууцаас гаргана гэж. Энэ хэрэг илрэхгүй олон жил явсан. Манай гэр бүлийн зүгээс ядаж хэрэгтнийг нь олдоггүй юм аа гэхэд хүн битгий хэлмэгдүүлээсэй гэж бодож байсан" гэлээ.