УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.04.18) уг асуудлаар хуульч, судлаачидтай уулзаж, санал солилцов.
Уулзалтад ЕТГ-ын дарга Я.Содбаатар, Хууль, эрх зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, академич С.Нарангэрэл, Гавьяат хуульч Н.Жанцан, дипломатч Ц.Гомбосүрэн, гавьяат эдийн засагч Т.Очирхүү, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж, Үндсэн хууль судлаач Д.Ламжав, хуульч, судлаач Б.Гүнбилэг, МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, доктор, профессор Д.Бумдарь нар оролцжээ.
УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Улс төрийн намын тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгүүдийг энэ долоо хоногт байгуулах бөгөөд хуульч, судлаачдаас ажлын хэсэгт орж ажиллахыг УИХ-ын дарга урьсан байна.
Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Мөнгөний сонгуулийг өөрчилж, намын дотоод ардчиллыг бэхжүүлж, бодлогын намуудыг төлөвшүүлэх, улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгох замаар хууль, эрх зүйн шинэчлэлийг хийхийг зорьж байна. Сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай хуулиуд салшгүй холбоотой учраас тунхгийн шинжтэй хууль батлахаас зайлсхийж, процесс бүрийг нарийвчлан тусгахад эрдэмтэн судлаачид, хуульчдын саналыг сонсох ёстой" гэжээ.
Мөн Ерөнхийлөгчөөс санаачилж, УИХ-д өргөн барьсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг төслийг ЕТГ-ын дарга Я.Содбаатар танилцуулсан байна. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгийг Ерөнхийлөгчийн захирамжаар 2022 оны нэгдүгээр сард байгуулсан бөгөөд хуулийн төслийг боловсруулах явцад парламентад суудалтай намууд болон бусад намууд, эрдэмтэн судлаачид, төрийн байгууллагын төлөөллийг хангасан 14 удаагийн хэлэлцүүлэг, уулзалт, ярилцлага зохион байгуулж, УДШ-д бүртгэлтэй улс төрийн 35 намын саналыг авчээ.
Хуулийн төсөлд,
- улс төрийн намын хариуцлагыг дээшлүүлэх,
- улс төрийн нам бодлогын институт болон төлөвших,
- намын санхүүжилтийн ил тод байдлыг хангаж, хяналтыг сайжруулах,
- намын гишүүдийн тэгш оролцоог хангах,
- улс төрийн намуудын дотоод ардчиллыг хөгжүүлэх зэрэг үндсэн таван онцлох зохицуулалтыг тусгасан байна.